ШУУРХАЙ: ШЕЗ-ийн албан тушаалтан хамтран амьдрагч болон садангийнхаа компанитай гэрээ байгуулж хууль зөрчсөн ч шүүхээс түүнд “тэнсэх” ял оноожээ

ШУУРХАЙ: ШЕЗ-ийн албан тушаалтан хамтран амьдрагч болон садангийнхаа компанитай гэрээ байгуулж хууль зөрчсөн ч шүүхээс түүнд “тэнсэх” ял оноожээ

Авлигатай тэмцэх газраас авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, эл төрлийн гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад холбогдох хэргийг мөрдөн шалгаж, шүүхээр ял шийтгүүлсээр байгаа. Гэсэн ч манай улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэж, Монгол Улсын авлигын индекс жил бүр тодорхой байр ухарсаар байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд 180 улсаас  121 байрт жагссан байдаг. 

Тэгвэл шударга ёсны зарчмаар ажиллах учиртай Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн нэр бүхий албан тушаалтан хүртэл албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгэгджээ.

Тодруулбал,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Гандулам нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагчийнхаа хувьцаа эзэмшдэг "Их номин заяа" гэх компанийн "shuurkhaimedee.mn" сайт болон  У.Э-тай төрөл садангийн хамаарал бүхий хүн Ц.Гэ-ийн хувьцаа эзэмшдэг "Хүннү монгол групп" ХХК-ийн "webs.mn" гэх сайтуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон байна. 

Улмаар тухайн хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Харин тус шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Гандуламд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноожээ. 

Харин авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулах журмаар хэлэлцэж, тэнсэх ял оноов гэдэг нь энд анхаарал татаж байгаа юм. Магадгүй ШЕЗ-д ажиллаж байсан албан тушаалтан танил талын байдлаа ашиглаж, ийнхүү хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлж, тэнсэх ял сонссон юм биш биз гэх хардлага энд төрж байна. 

Хамгийн ноцтой нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар албан тушаалыг хашиж байсан Б.Гандулам нь тус албанд томилогдохоосоо өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нэгэн аж. Товчхондоо, урд өмнө нь ял шийтгэгдэж байсан хүнийг төрийн албан тушаалд томилж, улмаар тухайн иргэн нь дахин гэмт хэрэг үйлдэж, шүүхээс тэнсэх ял шийтгүүлсэн байна.