"Хүсэл ба хязгаар" үзэсгэлэнд зочлоорой

"Хүсэл ба хязгаар" үзэсгэлэнд зочлоорой

Олон зууны туршид бидний амьдрах газар, эдлэл хэрэглэл хэчнээн янзаар хувирч өөрчлөгдсөн ч сэтгэл доторх мэдрэмж, өвдөлт хаа ч өөрчлөгдсөнгүй. Дэлхийн хаана ч байлаа гэсэн хүн төрөлхтөн бид нэг янзаар баярлаж, шархалж, нэг л янзаар үгүйлнэ.

Байгалийн мөчлөг, сав шим ертөнцийн эргэх хуулинд захирагдан амьдарч асан бид хөгжлийн хурдаар хот суурин босгож, бие биенээсээ тусгаарлагдах өндөр өндөр хана босгосон ч байгалийн хүйн холбоог хэрхэн тасалж чадах билээ. Эцсийн амьсгалаа ч байгальдаа шингээн уусдаг өчүүхэн бодгаль болох хүмүүн бидний амьдралд байгаль, түүний нөлөө хэчнээн чухал болохыг харуулсан уран бүтээлч Г.Наранцацралтын бие даасан “Хүсэл ба хязгаар” уран бүтээлийн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийгээд байна.

Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдийг өөрийн дотоод ертөнцдөө нэвтэрч, хүн байгалийн холбоо, хүсэл, түүний хязгаар, эрх чөлөө, зөрчил, хайр, оршихуйн мөн чанарыг дахин эргэцүүлэн бодоход урьж байна.

Хүсэл ба хязгаар” үзэсгэлэнд уран бүтээлч Г.Наранцацралтын сүүлийн 15 жилийн турш туурвисан  холимог техник, дижитал арт, тосон зураг болон коллажаар зохиомжоо гаргасан 30 орчим шилмэл бүтээл багтжээ. Цагийн аясаар хот хэмээх цементэн ой, цардмал зам, хиймэл техник бидний орон гэр болж, энэ хотын нүргээн, өрсөлдөөн дунд  бид амсхийх завгүй “тойрох” тусам өөрсдийг минь бий болгож буй дотоод мэдрэмжээ бага багаар гээсээр л байна. Эцэст нь өөрт хэрэгцээтэй бүхнээ бүтээсэн ч сэтгэлийн гүнд ямар нэгэн зүйл үгүйлэгдэж, хоосрол сэтгэл дундрал бий болсныг зөн совингоороо мэдэрдэг. Энэ л байгалийн жам ёсны холбоо, хүмүүний жинхэнэ мөн чанараасаа хөндийрөн холдсон мэт сэтгэлийн хүүрнэлийн тухай бүхий л уран бүтээлдээ давтан давтан сануулсаар байна.

Хүсэл ба хязгаар” үзэсгэлэн 2024 оны 12-р сарын 27-ныг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд үнэ төлбөргүй нийтийн хүртээл болж байна.  Оюуны болоод биеийн өндөр их ачаалал авч буй завгүй ажлаасаа түр ч гэсэн хөндийрч, сэтгэлийн тэжээл болсон гайхалтай үзэсгэлэнт морилон саатахыг урья.