н.Нандин-Эрдэнэ: Нэг уут бэлгэнээс 32-76 ширхэг ёотонтой тэнцэх сахар илэрч байна

н.Нандин-Эрдэнэ: Нэг уут бэлгэнээс 32-76 ширхэг ёотонтой тэнцэх сахар илэрч байна

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн болон Хяналт шалгалтын байгууллагаас нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаж байгаа хүүхдийн бэлгэнд шалгалт хийлээ. Шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Судалгааны дүнгээр чихрийн агууламж хэд дахин өндөр, хаяг шошго тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эрхлэгч Нандин-Эрдэнэ  "Нэг уут бэлгэнээс 32-76 ёотонтой тэнцэх сахар илэрч байна. Хүүхэд нэг уут бэлгийг нэг өдрийн дотор идэж дуусгадаг. Тэгэхээр өдөр авах ёстой илчлэгээсээ хэд дахин илүү сахар идэж байна.  Таван багц бэлэгний 37 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийж үзлээ. Нэг уут бэлгэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэрэглээнээс 6.8 дахин өндөр сахарын агууламж байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт авах чихрийн илчлэгийн 5 хувиас багагүй байхыг зөвлөдөг. 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 калор, эмэгтэй 1650 илчлэг калорыг хүнсээр авахыг зөвлөдөг. Хүүхэд хоногт 1735 калор илчлэгийг авах ёстой гэж тооцдог. Сахарын хэт их хэрэглээнээс үүдэн хүүхдийн таргалалт, эрүүл мэндийн хүндхэн нөхцөл байдлууд тулгарч байна" гэлээ. 

Харин Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар "Сахарын агууламжийг шалгахад нэг ноцтой зүйл илэрсэн. Тэр нь хаяг, шошгожилтын асуудал Монгол Улсын хэмжээнд алдагдсан байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд бүтээгдэхүүнд ямар хаяг, шошго байх ёстой талаар нарийн зааж өгсөн. Ууттай бэлгэнд агуулагдаж буй бараа бүтээгдэхүүний хаяг, шошгожилтийг 16 үзүүлэлтээр шалгахад шаардлага хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байсан. Мөн үйлдвэрлэсэн болон хэзээ дуусах нь тодорхойгүй 2 хүнсний бүтээгдэхүүн, хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн 7 бүтээгдэхүүн байсан" гэсэн юм. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан " 2027 оноос чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхээр хуулийн зохицуулалтыг хийж байгаа. Бэлтгэл ажлыг хангаж байна. 100 грамм бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар байвал эрүүл хүнсэнд тооцогдоно. 10 граммаас илүү сахартай байвал эрүүл бус бүтээгдэхүүнд тооцогдоно. Харамсалтай нь энэ байдал үндсэндээ алдагдсан. 2023 онд Монгол хүний хоол тэжээлийн 6 дугаар судалгааг хийсэн. Үүнд 6 сартайгаас 2 нас хүртэлх хүүхдүүдийн 32 хувь нь чихэртэй, амт оруулагчтай ундаа хэрэглэж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь давтамжтай зөв хооллож чадахгүй байна. Мөн гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэж байна. Хүүхдэд нэгээс хоёр хайрцаг ёотон идүүлж байгаа юм шиг л ундаа өгч байна" гэсэн юм. 

ВИДЕО: