Өнгөрөгч арваннэгдүгээр сар /2024.11.25/-д Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барьсан. Нийслэлийн төсөвт 2025 онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 85.9 хувь буюу 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан байдаг. Харин Нийслэлийн 2025 оны төсвийг хаалттай горимоор хэлэлцэж баталсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асуу" гэсэн тайлбарыг өгсөн. Үнэндээ, НИТХ-ын 45 төлөөлөгчдийн 30 гаруйг нь Х.Нямбаатарын төлөөний хүмүүс бүрдүүлээд буй.
Тэгвэл 2025 онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоож үүнээсээ нийслэлд орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд буй.
Тухайлбал, Приүс маркийн автомашины хувьд жилд 36 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 108 мянган төгрөг, Lexus 570 маркийн автомашины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 564.3 мянган төгрөг, Хюндай портер автомашины хувьд жилд 30 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75 мянган төгрөг, Ланд крүйсер 200 автомашины хувьд 151.8 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 455.4 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд 0 хувийн албан татвар төлөхөөр байна. Мөн 100 тонноос дээш даацтай автомашин 1.4 сая төгрөгийг төлөх тооцоо гарч байна.
Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор хамгийн бага оврын буюу 2000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын машины хувьд өдөрт 275, сард 8330, жилд 100.000 төгрөг, дунд оврын буюу 2,001-3,000 см3 хүртэлх моторын багтаамжтай суудлын автомашины хувьд өдөрт 416 төгрөг, сард 12500 төгрөг, жилд 150.000 төгрөг, том оврын буюу 4001 см3-ээс дээш моторын багтаамжтай суудлын тэрэгний хувьд өдөрт 694 төгрөг, сард 20.833 төгрөг, жилд 250.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлөхөөр тооцооллыг гаргажээ. Ингэж нэмэгдүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлөхгүй гэдэг судалгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан байгаа юм.