"Үр зулбуулах эм зарж, 6 сартай жирэмсэн эмэгтэй нас барсан" хэргээр 4.4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн иргэний ялыг "торгох ял" болгон өөрчилжээ

"Үр зулбуулах эм зарж, 6 сартай жирэмсэн эмэгтэй нас барсан" хэргээр 4.4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн иргэний ялыг "торгох ял" болгон өөрчилжээ

Зургаан сартай жирэмсэн эмэгтэйд үр зулбуулах эмийг хууль бусаар худалдан борлуулж, хэрэглүүлсний улмаас хохирогч амь насаа алдсан хэргээр анхан шатны шүүхээс 4.4 жилийн хорих ял шийтгэсэн шүүгдэгч Б-д оноосон хорих ялыг, давж заалдах шатны шүүх торгох ял болгон өөрчилжээ. 

Тодруулбал,  эх баригч эмч мэргэжилтэй 32 настай Б гэгч нь үр зулбуулах эмийг хууль бусаар 600 мянган төгрөгөөр худалдан борлуулж, зургаан сартай жирэмсэн эмэгтэйд хэрэглүүлсний улмаас бие давхар эмэгтэй цус алдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний /2023.11.14/ өдөр Говь-Алтай аймагт гарсан юм.

Тухайн хэрэгт хууль бусаар эм худалдан борлуулсан гэх Б-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “эм худалдах ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон”, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тус хэргийг Говь-Алтай аймгийн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Б-д 4.4 жилийн хорих ял оноосон байна. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийг уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсанаар тухайн шүүгдэгчид оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ. Тодотговол,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан байна.

Ингэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ял” гэснийг “20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хасах шийдвэрийг гаргасан аж. 

Мөн шүүгдэгч Б-аас 198 сая төгрөг гаргуулж, хохирогчийн гэр бүлийн гишүүд болох Э, А нарт олгох, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүгдэгчийг суллах шийдвэрийг гаргасан байна. 

Товчхондоо, хууль бусаар үр хөндүүлэх эм худалдан борлуулж, зургаан сартай жирэмсэн эмэгтэйд хэрэглүүлсний улмаас 3-10 насны хоёр хүүхдийн ээж амь насаа алдсан хэрэгт 4.4 жилийн хорих ял шийтгэгдсэн шүүгдэгчид оноосон хорих ялыг давж заалдах шатны шүүх 20 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.