Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан Намын бүлэг өнөөдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанаар ажиллах хүчинтэй холбоотой хуулийн төслийн тухай ямар шийдвэр гарсныг АН-ын бүлгийн гишүүд тайлбарлаж, мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Ажиллах хүчний асуудалтай холбоотой олон талын зүйл байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлнө гэдгээр асуудлыг бодит фактораас холдуулж байна. "Хятад цустай", "Хятадын дарангуйлал ирэх гэж байна" хэмээн олон нийтийг турхирч байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Цахилгаан станц баривал Чайна таун бий болно гэж дайрсаар байгаа төслүүдийг гацааж байсан. Маш олон том төслийг харийн дарангуйлал гэсэн айдаст автуулж гацаадаг жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн болоод байсаар байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг бид харж байна. Намайг хүүхэд байхад ч энэ байдал байсан. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид попролтоор улсаа удирдуулж болохгүй. Монгол Улс хөгжиж, том төслүүд явах ёстой. Эрүүл ухаан хүмүүс Монголд их байдаг. Бодит нөхцөл байдлыг хэлэхээс айхаа больсон. Бид бүхэн зоригтойгоор реформуудаа хөдөлгөөд явна" хэмээн ярилаа.
Харин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хоёр хуулийн төсөл өргөн баригдсан. Эхнийх нь П.Сайнзориг нарын гишүүд өргөн барьсан хуулийн төслөө буцаан татсан байна. Манай бүлгийн гишүүдийн олонх тус хуулийн дэмжихгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Нэг талаасаа бизнесийн эрх ашиг, эрх чөлөөтэй холбоотой олон зүйл яригдаж байна.Нөгөө талаасаа үндэсний эрх ашиг, монгол хүний цалин орлогын асуудал яригдаж байгаа. Одоо байгаа хуульд гаднаас ажиллах хүчин авах талаар тодорхой зохицуулалт байдаг. Гэтэл хязгааргүй, ажлын байрны төлбөргүйгээр орж ирнэ гэдэг үндэсний эрх ашигтай холбоотой асуудал юм" гэв