“Агсам тавилаа” гэх шалтгаанаар бусдын биед халдаж, амь насыг нь хохироожээ

“Агсам тавилаа” гэх шалтгаанаар бусдын биед халдаж, амь насыг нь хохироожээ

Иргэн Д.Н нь Ю.Г-г “агсам тавилаа” гэх шалтгаанаар зүүн шанаанд 1 удаа алгадаж, улмаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

Анхан шатны шүүх Д.Н-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирогч талын сэтгэцэд учирсан хохиролд Д.Н-ээс 99.000.000 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Ю.Г-ийн хууль ёсны төлөөлөгч В.О-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирогч талын сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь, хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Гэтэл Д.Н нь “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байхад заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор хэн аль нь хийгээгүй байх тул Д.Н-ээс хохирогч талын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 төгрөг гаргуулахаар заасан хэсгийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.