УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өнөөдөр /2024.12.23/ "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай" хуулиа эргүүлэн татаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү хуулийн төсөл олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан учраас эргүүлэн татахаар болсон хэмээн тэд онцолсон юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу 2024.12.19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барисан билээ.
Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байв.