Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн түргэн тусламжийн төвд 14 мянга орчим дуудлага ирсэн байна. Үүнээс 21.6 хувийг томуу, томуу төст өвчинтэй холбоотой дуудлага эзэлсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлт юм. Улаанбаатар хотол томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 2730 хүүхэд 18 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас шийдвэр гаргаж, энэ сарын 18-ны өдрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ажлын өдөр 21.00 цаг, амралтын өдөр 18.00 цаг хүртэл ажиллаж байна. Үүний үр дүнл нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах, яаралтай тусламжийн төвөөр үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногийнхоос бодит тоогоор 600-аар буурчээ.
Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны 2 наснаас дээш хүүхдийн тусламж үйлчилгээг Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлжээ. Ингэснээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ачаалал буурсан байна. Өнөөдрөөс эхлээд Баянхошуу салбарын эмнэлэгт 5 аас дээш насны хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр 50 орыг нэмэлтээр дэлгэсэн байна. Мөн энэ пүрэв гарагаас Хан-Туул хүүхдийн сэргээн тасах үндэсний төвд дахин 50 ор дэлгэж хүүхдүүдийг авах гэж байна. Гэхдээ Хан-Уулын дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж, эрэмбэлэн ангилалт хийлгэсний дараа хэвтэн, эмчлүүлэх тусламж үйлчилгээг авах боломжтой аж. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд нь 39, 40 хүртэл 2-5 хоног өндөр халуурах, ханиаж найтаах, нусгайрах, нулимс гоожих, гуурсан хоолойн нарийсал буюу ларингитын шинж тэмдэг илрэх, бөөлжиж суулгах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Томуугийн халдвартай хүн өрөө тасалгаанд ханиаж найтаахад агаарт цацагдсан вирус нь 2-8 цагийн турш байж байдаг. Тиймээс амны хаалтыг маш сайн зүүж хэвшихыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэвлэлийн хурлын үеэр зөвлөлөө. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үргэлжлүүлэн зөвлөхдөө "Өндөр халуурч буй хүүхэд нь бөөлжиж, суулгаж буй хүүхдүүдтэй ижил шингэн алддаг учир шингэнийг ердийнхөөс 3 дахин илүү уулгах ёстой. Уушгины хатгаа нь хүндэрч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн вакцин хийлгээгүй байна. Амьсгалахад төвөгтэй, ядарч сулдах, яраглах, цээж хонхолзох, хоол ундандаа дургүй болбол яаралтай гэрт ойр эмнэлэгтээ хандаарай. Дур мэдэн эмчилгээ хийлгэж болохгүй, өвдсөн тохиолдолд гэртээ эмчлэх шаардлагатай, эмчийн бичсэн эмийг уулгах ёстой. 21.00 цагт унтуулж амраасан байх ёстой" гэлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр энэ үеэр " Томуугийн А ба В дэд хэв шинжүүд байна. Томуугийн вирус нь ковидтой ижил булчин үе мөч, толгой, цээж өвдөх, богино хугацаанд хүндэрч дархлааны хариу урвалаас зайлсхийж чадаж байна. Нийт өвчлөгчдийн 85 хувийг 15 аас доош насныхан эзэлж байсан бол одоо насанд хүрэгсэд өвчлөх эрсдэл нэмэгдсэн байна. Насанд хүрэгчид хүнд өвдөх эрсдэл байна. 65 аас дээш насныхан болон жирэмсэн ээжүүд, сахартай хүмүүст эрсдэл үүсч байна. Томуугийн нэг аюул нь хатгаанаас гадна, зүрхний шигдээс, тархины харвалт үүсэх эрсдэлтэй" гэсэн юм.