Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр, гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 59 иргэний аюулгүй байдлыг ханган, есөн тэрбум 339 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд яндангийн цонолт, пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Түүнчлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулаарай.