Реппер Roockie буюу У.Мөнхбаганыг согтуугаар автомашин жолоодсон хэрэгт буруутган, 30 хоногийн хугацаатайгаар баривчлах шийтгэл оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал энэ оны 12 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд дуучин Rookie буюу У.Мөнхбагана нь цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагаас энэ дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У.Мөнхбаганын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдаг.
Тэгвэл дуучин Rookie буюу У.Мөнхбаганыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон буюу Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн хэмээн үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мөн нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргажээ. Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.