Юнител групп хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх болон үйлчилгээ үзүүлэхэд зориулан хиймэл оюун ухаан дээр суурилсан автомат хариулагч буюу Generative AI чатботыг нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ 100 хувьд чатботоор дамжуулан хариулт өгч эхэллээ.
Бидний нэвтрүүлээд буй ухаалаг чатбот цаашид улам боловсронгуй ухаалаг болж хөгжсөөр байх ба зарим тохиолдолд таны асуултад тохиромжгүй хариулт илгээх эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоогүй асуултуудад хөгжилтэй байдлаар хариулахыг үгүйсгэхгүй. Энэ үед эрхэм хэрэглэгч та бидний ухаалаг чатботыг ойлгон хүлээн авч, технологийн нэгэн шинэ хувьсалтай хамтдаа байна гэж итгэж байна.
Хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан бүтээгдсэн энэхүү чатбот нь уламжлалт чатын системээс ялгаатай нь нөхцөл байдал, асуултыг илүү оновчтой танин, хэрэглэгч бүрт тусгайлан хором алдалгүй хариулт өгөх боломжтой. Мөн илүү олон хэрэглэгчид үйлчлэх тусам улам туршлагажиж, харилцахад илүү хялбар, тав тухтай болох юм.
Бид цаашид бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ хиймэл оюунд суурилсан чатботыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.