Цахим хөгжил, нновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг онцлов.
Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүд “Үндэсний хиймэл дагуул” төслийн талаар олон талын байр суурийг илэрхийлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөх тал дээр Франц улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллахыг хүсэв.
Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс “Үндэсний хиймэл дагуул” төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгож байсан ч тус төслийн явц урагшлахаар болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар тус төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Иймд “Үндэсний хиймэл дагуул” төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, Элчин сайдын яам, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, ирэх хаврын чуулганаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг өргөн барих тул хоёр тал бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг онцлов.