АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагч, УЕП-ын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга зэрэг хууль хяналтын байгууллагад томоохон албан тушаал хашиж байсан Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбат нь авлигын хэрэгт холбогдсон тул албан тушаалаасаа огцруулжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарыг авлигын хэргээр АТГ-т шалгаж байсан бөгөөд дээрх нэр бүхий долоон хүнд холбогдох хэрэгт прокуророос хэдхэн хоногийн өмнө яллах дүгнэлт үйлдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэг буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Ташрамд өгүүлэхэд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга мөн дээрх албан тушаалыг хашиж байхдаа УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын "хүчин"-гийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Харин Б.Мандахбаяр нь “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү бөгөөд тэрбээр “Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдож байжээ.