УИХ-ын сонгуулийн үеэр бусдын амь насыг хөнөөсөн П.Отгонбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны /2024.11.12/ Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал хойшилсон юм.
Тодруулбал, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл буюу арванхоёрдугаар сарын 20-ны /2024.12.20/ өдрийг хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр мөн хойшилсон байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч мөн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд энэ дагуу шүүхээс хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны /2024.06.15/ өдөр гарсан байдаг.
Улмаар прокуророос П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.