Шинэ жилийн баяр ёслол болж буй энэ үед иргэд архи, согтруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аваар осолд өртөж, өөрийгөө болон бусдыг гэмтээх тохиолдол их гарч байна. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ төрлийн ослын хохирогч болсон иргэнтэй ярилцлаа.
Түүний хувьд өнгөрөгч баасан гарагт байгууллагынхаа шинэ жилээс гарч яваад ийнхүү ослын хохирогч болжээ. Одоогийн байдлаар босож чадахгүй, хоёр хавирга хугарсан гэх оноштой гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр иргэдийг архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзах эс бөгөөс тохируулж хэрэглэхийг иргэдээс хүссэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Осол гарахөөс өмнөх үеийн үйл явдлаас яриагаа эхэлье. Та ямар байгууллагын үйл ажиллагаанд оролцсон юм. Тухайн үед таны өөрийн чинь согтолтын зэрэг хэр байсан бэ?
-Өнгөрсөн тав дахь өдөр байгууллагынхаа шинэ жилийн баярт оролцсон юм. Тухайн үед согтсон ч гэлээ тэгтлээ их согтоогүй байсан. Салхинд гарахаар бүр илүү согтдог юм байна лээ. Тухайн осол болох үед найзуудтайгаа явж байгаад салж зам гарах гээд осолд орсон байсан. Зам гарах үед нэг их гэрэл л гарах шиг болсон. Түүнээс цаашхи процессыг санахгүй байгаа.
-Тантай цуг явж байсан хүмүүс юу болсон гэж хэлсэн бэ?
-Бид цуг гараад ахиад өөр газар орох гээд явж байхад нь би гэр лүүгээ харья гэсэн ч намайг татаж, чангааж байхад нь би харина гэж зүтгээд, тэгээд намайг татаж байсан хүн нь л тавьчихсан юм байна лээ. Тэгээд хурдтай явж байсан машин гулсаж ирээд мөргөчихсөн гэсэн.
-Танд өөрт чинь ямар гэмтэл учирсан байна вэ?
-Толгой нэлээд хүнд бэртсэн юм шиг байна. Байнга л өвдөөд байх юм. Мөн зүүн талын хоёр хавирга хугарсан. Байнгын хэвтрийн байдалтай л байна.
-Тухайн жолоочид ямар арга хэмжээ авсан бэ?
-Тухайн үед нь манай найзууд цагдаа дуудаад, одоо цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн. Тэр жолооч бол надад учирсан хохирлыг төлж байгаа. Зам тээврийн осол гарахад миний өөрийн буруутай зүйл ч бий.
-Та ер нь архи, согтууруулах ундаа хэр давтамжтай хэрэглэдэг вэ?
-Байнга бол хэрэгэдэггүй. Харин баяр ёслолын үеэр хүмүүс ууж баярлаж байхад би уухгүй байдаггүй юм. Тохируулаад л хэрэглэдэг. Гэхдээ урьд нь ийм байдалд огт орж байгаагүй. Сэтгэл зүйн хувьд ч их шоконд ордог юм байна. Чанга дуу чимээнээс ч цочоод байх юм. Байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцсон биш өөрөө ийм байдалтай болчихсондоо харамсаж байна.
-Байгууллагын шинэ ч жил ч бай ер нь архи хэрэглэх нь зөв үү?
-Байгууллагууд аль болох архи бага хэрэглээд, хараа хяналт сайн тавьж байгаасай гэж хүсэж байна. Архийг ер нь л хэрэглэх нь буруу.
-Гэрийнхэн нь юу гэж байна.
-Гэрийнхэн сэтгэл санаагаар их дэмжиж байна. Би өөрөө ч маш их гэмшиж байгаа. Хамаатнууд бас нэлээн их санаа зовж байх шиг байна. Их ярьж байгаа. Надад өөрт маань ч хэцүү байна. Амьдралын идэвхтэй амьдардаг хүн ингээд ажил ч байхгүй хэвтчихээр хэцүү л юм байна.
-Одоо босоод сууя гэхээр биед нь ямар зовуурь байна?
-Ерөөсөө босож сууж чадахгүй байгаа. Байнга л хэвтрийн байдалтай байна. Хүчтэй амьсгалах гэхээр л хоёр хавирга өвдөөд, босохоор толгой эргээд байх юм. Аль болох яриахгүй, босохгүй л байгаа. Эмнэлгийн байгууллагаас анхны тусламж үзүүлээд өчигдөр орой эмнэлгээс гаргасан.
-Байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэчихээд гарч яваад ийм осолд орсон байна шүү дээ. Өөрт чинь байгууллагаас нь ямар нэгэн тусламж туслалцаа, дэмжлэг үзүүлсэн үү?
-Хуульд зааснаар байгууллага тэтгэмжийг нь төлсөн. Байгууллагынхан бүгд л намайг эргэж ирсэн. Баяр ёслолын үйл ажиллагаа нь байгууллагынх л учраас ажлаа хийгээд явж байсантай адилхан зохицуулалтаар шийдэгдэх юм шиг байна лээ. Манай компани бол шаардлагатай арга хэмжээг аваад явж байгаа. Ямар нэгэн гомдох зүйл алга.
-Одоо хамгийн их харамсаж байгаа зүйл нь юу байна?
-Архийг хүн өөрийгөө мэдэрч хэрэглээсэй л гэж хүсэж байна. Бас найзууд маань намайг унаанд суулгаад өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан байх. Би гэр лүүгээ л явья гэж байсан шүү дээ. Ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн үдээ явганаар ч гэсэн хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарал болгоомжтой байгаасай. Бид согтуу байхдаа тээврийн хэрэгсэлтэй л замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэж боддог болохоос явган явахдаа нэг их юм боддоггүй. Гэтэл явган байсан ч аюул осол тохиоддог юм байна. Ер нь эрүүл мэнд л хамгийн чухал шүү дээ. Гэтэл ажлаа ч хийж чадахгүй ингээд хэвтэж байна. Цаашдаа ч миний эрүүл мэнд сайн байх эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Сэтгэл санаа ч бас их хүнд хэцүү байгаа. Тархины гэмтлээс болоод цаашдаа ажлаа хийж чадахгүй болчих вий гэж их санаа зовж байна.
-Одоо яг байгууллагуудын шилүүд ид болж байна. Өөрт тохиолдсон хэцүү явдлаасаа авсан сургамжаасаа үндэслээд иргэдэд сэрэмжлүүлэг хэлэхгүй юу?
-Хүн заавал дордож байж юмыг ойлгох шаардлагагүй. Ер нь манай орон шиг хүйтэн улс их цөөхөн. Мөн манай замын нөхцөл байдал ямар байгаа билээ. Иймд баяр ёслолын үеэр аюул ослоос сэрэмжлэхийг уриалмаар байна. Дараагийн баяр ч болдгоороо л болно. Баяр ганц удаа болохгүй учраас бүгдээрээ л ослоос сэрэмжилж, энэ хүйтэнд өндөр градустай архи хэрэглэхгүй байхыг хүсэж байна. Та бүхэн архиа тааруулж хэрэглээрэй.