"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох байсан Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баттөгсөөс допинг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд цагаан хуудсаар зодоглох байсан Б.Баттөгсөөс Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага өнгөрсөн долдугаар сарын 29-ны /2024.07.29/ өдөр допингийн шинжилгээ авсан байдаг.
Тус шинжилгээгээр Б.Баттөгсөөс допинг илэрсэн тул тухайн тамирчин болон дасгалжуулагч нарт нь энэ талаар МҮДЭБ-аас мэдэгдэж, тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж.
Гэсэн ч Монголын Жүдо бөхийн холбоо тухайн допинг илэрсэн тамирчныг Парис руу авч яваад зогсохгүй, олимпын хотхонд бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байсан байдаг. Улмаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын Паралимпын холбооны удирдлага хийгээд ахалж явсан Н.Оюунбат нарт энэ талаар сануулж, допинг илэрсэн тамирчин болох Б.Баттөгсийг олимпын хотхоноос гаргах арга хэмжээг яаралтай авсан юм.
Тэгвэл Б.Баттөгсийн допинг хэрэглэсэн асуудалд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баттөгсөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрсэн хэмээн тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь гурван жилээр хасах шийдвэрийг гаргасан байна.