УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг өнөөдөр /2024.12.19/ сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Алдаржавхлан: Нийслэл хотыг газын дулаанаар хангах тухай дээр дооргүй яригдаж эхэллээ. Танай яамны бодлого юу юм, энийг дэмжиж байгаа юу, энэ боломжтой юу гэдэгт хариулт авмаар байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монгол Улс хийн төлөвтэй газыг шингэрүүлэн тээвэрлэж авчраад буцаагаад хийн төлөвт оруулаад ашиглаж байгаа. Нэг гега килокалори цаг газаар үйлдвэрлэсэн эрчим хүчний дулааны үнэ Улаанбаатар хотод авчрах тээврийн зардлуудыг оруулаад бодоод үзэхээр 350 мянган төгрөг болж байна. ТЭЦ-II, ТЭЦ-III-аас бид нэг гега килокалори цагийг бид 65 мянган төгрөгөөр бодож авч байна. Ингэхээр газаар үйлдвэрлэсэн дулааны үнэ 5-6 дахин өндөр өртөгтэй. Манай яаман дээр 116 мегаваттын газын эх үүсвэрийг барихаар цэцэрлэгт хүрээлэнд газар авах шийдвэр гаргасан. Төсөл туршилтын шатанд явж байна.