Иргэдийн өвлийн идшээ бэлтгэх улирал эхэлсэн мөн Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад холбогдох стандартыг мөрдөж, анхаарч ажиллахыг Стандарт Хэмжил Зүйн Газар, Итгэмжлэлийн Үндэсний Төв, ХАБҮЛЛ болон Мал эмнэлгийн Ерөнхий газрын удирдлагуудад үүрэг чиглэл болгосон.
Үүний дагуу дээрх байгууллагууд Нийслэлийн томоохон хүнсний худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар зарим худалдааны төвийн хүнсний лаборатори нь итгэмжлэгдээгүй, итгэмжлэлийн хугацаа нь дууссан, жин хэмжүүр зөрүүтэй заасан, жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл илэрсэн гэх зөрчил гарсныг арилгуулж, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Энэ талаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан хүнсний салбарын стандартыг мөрдүүлж хэвшүүлэх бодлого, үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ хэмээн онцолсон юм.