Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг хэрхэн хэмждэг талаар Ус, цаг уур, шинжилгээний газраас өнөөдөр /2024.12.19/ мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд агаарын чанарын индексийг хэмждэг 19 станц байдаг аж. Агаарын чанарыг MNS 4585-2016 гэсэн стандартын дагуу хэмждэг байна. Агаарын чанарын индексийг agaar.mn сайтаар дамжуулан олон нийтэд гурван цагийн зайтай мэдээлдэг.
Агаарын чанарыг, MNS 4585:2016 Агаарын чанар техникийн ерөнхий шаардлага,
MNS 5885:2008 Агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ, техникийн ерөнхий шаардлага
MNS 6063-2010 Агаарын чанар-Хот суурин газрын гадаад орчны агаарт байх бохирдуулах бодисын хүлцэх хэм хэмжээ гэсэн гурван стандартын дагуу хэмждэг юм байна.
Монгол Улсад хүхэрлэг хийг 20 минут, 24 цаг, нэг жил гэсэн стандартаар хэмждэг байна.
Агаарын чанарыг хэмжихэд хугацаа чухал байдаг гэдгийг албаныхан онцлов. Тоос тоосонцорыг 24 цаг хэмжиж байж индексийг нь нарийвчлан гаргах боломжтой аж.Агаарын чанарын индекс 0-50 зааж байвал цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Харин 51-100 зааж байвал хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангасан гэж үздэг байна. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүс амьсгалын замын шинж тэмдэг илрэх магадлалтай байдаг аж. Тэгвэл 101-200-ийн хооронд байвал бага бохирдолтой. 201-300 байвал бохирдолтой, 301-400 зааж байвал их бохирдолтой, 401-500 заавал маш их бохирдолтой гэж үздэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж.