Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд 102 яаралтай тусламжийн утсанд дуудлага мэдээлэл өгдөг.
Гэтэл дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон, хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдэл гарсаар байна.
Тухайлбал, энэ сарын 15-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б нь дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар согтуурсан үедээ алба хаагчийн хамар руу нь мөргөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зугтсан байна. Тус хэргийг өдгөө хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж.
Мөн энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “120 мянгат орчим байрны урд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон алба хаагчийн хоолойг боож танхайрсан хэрэг бүртгэгджээ.
Ташрамд өгүүлэхэд, Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулахчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байна.