Нийслэлчүүд 2019 оноос хойш шахмал түлш хэрэглэж байгаа ч утаа буурсангүй. Сүүлийн үед харин ч өмнөх өмнөхөөсөө илүү утаатай байх болов. Харин энэ үед монгол эрдэмдэн, докторууд үхрийн аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш хийсэн байна.
Тодруулбал, ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид үхрийн аргалыг тусгай бодист шаталтад оруулан бионүүрс гарган авч, утаагүй түлш хийжээ. Улмаар үүнийгээ шатааж үзэхэд Баянтээгийн нүүрстэй ижил хэмжээний дулаан ялгаруулахаас гадна утаагүй шаталт явуулж байгаа нь тогтоогдсон байна. Улмаар тэд Бионүүрсээ хэд хэдэн хэлбэр дүрстэй хийж байгаа бөгөөд маш хөнгөн, шаталт сайтай талаар зохион бүтээсэн эрдэмтэн багш нар бидэнд онцлон ярьсан юм. Мөн бид оффис дотор шатааж үзэхэд нүдэнд ил харагдах утаа, угаарийн хий огт гараагүй юм. Ингээд бид үргэлжлүүлэн уг бүтээгдэхүүнийг хийсэн ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Ж.Эрдэнэдалайгаас зарим зүйлийг тодрууллаа.
ВИДЕО:
-Бионүүрсийг гаргаж авах ажил анх хэзээнээс эхэлж байв?
-Манай баг 2008 оноос эхлээд органик хог хаягдлаас бионүүрс гарган авч байгаа. Органик хог хаягдалд аргал, хөрзөн, өвс, модны хог хаягдал ордог. Манайд хамгийн түгээмэл байдаг нь аргал, хөрзөн. Манай улс 70 гаруй сая толгой малтай. Малаас асар их аргал хөрзөн гарч байгаа. Үүнийг Монголчууд түлш хэлбэрээр хэрэглэж байгаа ч нөгөө талаараа хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байдаг. Иймд бид аргалд тусгай перолизмын процес явуулсан. Энэ процесыг явуулах тусгай зуухаа бид мөн өөрсдөө зохион бүтээсэн.
Зуухандаа шатаагаад гаргаж авсан бионүүрсээрээ найман нэр төрлийн бүтээгдэхүүн хийж хөгжүүлж байгаа. Үүний нэг нь утаагүй, шахмал түлш юм.
-Утаагүй шахмал түлшийг ямар аргаар гарган авч байна?
-Аргалыг эхлээд маш сайн хатаана. Хатаалтын дараа перолиз хийж, шатаана. Шатаах явцад аргалд байгаа элементүүдийн 80 орчим хувь нь шатдаг. Шатаалт явагдсаны дараа хөнгөн хөвсгөр болно. Шахмал түлш хийхдээ 7 хувийн барьцалдуулагч, 93 хувь нь бионүүрс орж байгаа гэсэн үг.
Манайх шахмал түлш хийхдээ бөөрөнхий, дугуй, цилиндр гэсэн гурван хэлбэртэй гаргасан. Хэлбэрээсээ хамаараад жин нь 17-50 грам байдаг.
Шатаалт хийх явцад дотор нь агуулагдаж байсан угаарын хий бүгд шатчихсан учир өндөр температур гаргах, шатах бодис л үлдсэн байна гэсэн үг. Үүнийг хийхэд ямар нэгэн угаарын хий гарахгүй. Мөн аргал шатааж байгаа шиг дөл гарахгүй ч өндөр температур гарна. Нэг удаа асаахад 40 орчим минут шатаад дуусдаг.
-Нэг бионүүрс үйлдвэрлэхэд хэдий хэмжээний аргал шаардлагатай байна вэ?
-Органик материалынхаа шинжээс хамаараад шатааж буй массын 30-40 хувь нь үлдэж байгаа юм. Улмаар ямар аргаар ямар зууханд шатааж байгаагаас хамаараад хэмжээ хэлбэр нь өөр өөр байдаг. Бидний шатааж байгаа зууханд 30-33 хувь нь үлдэнэ.
Тодруулбал гурван аргал шатаахад нэг аргалны хэмжээтэй бионүүрс үлдэнэ гэсэн үг.
-Одоогийн Улаанбаатарт түлж байгаа шахмал түлштэй харьцуулбал дулаан ялгаруулалт, шаталт хэр вэ?
-Ноцох үеийн температур нь Улаанбаатарт хэрэглэж байгаа шахмал түлштэй дөхүү байгаа. Өмнө нь бидний хэрэглэж байсан Багануурын нүүрсний илчлэгтэй ижил байгаа. Шатах хугацааны хувьд арай бага буюу 15 орчим минутын өмнө дуусаж байна лээ. Харин гарч байгаа температур нь ойролцоо, үнсжилтийн хэмжээ харьчангуй бага гарч байгаа.
-Өмнө нь өвлийн турш туршиж үзсэн үү?
-Өвлийн турш хараахан туршиж үзээгүй байна. Өнгөрсөн хавар хийж, холбогдох яам, төрийн байгууллагуудад шатаалт хийж үзүүлсэн. Бид хотын захын уурын жижиг зуухнуудыг сольж, утаагүй түлшээр хангах боломжтой. Массаар хангана гэж үзвэл Улаанбаатараас урагш орон нутгийн иргэд аргал хөрзөнгөө өөрсдөө түлдэг. Хойших хөдөөний иргэд түлдэггүй учраас тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэвэл иргэд хэрэглэж болно гэж үзэж байгаа.
-Массаар хэрэглэвэл монгол орны аргал, хөрзөн хүрэлцэх үү?
-Монгол орон даяар 600 сая орчим аргал, хөрзөн гарч байгаа. Үүний ядаж 50 хувийг ашиглавал зорилтот бүлгүүдэд хүрч утааны хэмжээг буулгах боломжтой гэж үзэж байгаа.
Мөн аймгуудад үйлдвэрлэж аймгуудыг утаагүй түлшээр хангах бүрэн боломжтой. Ингэснээр малчдын орлого, өрхийн орлого мөн нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
-Утааг хэчнээн хувь бууруулна гэж үзэж байгаа вэ?
-Манай түлшийг хэрэглэхэл нүдэнд харагдах тоос, тоосонцор гарахгүй. Тийм учраас утаа эрс багасна. Одоогоор гадуур худалдаалагдаагүй байгаа. Үйлдвэрлэлд оруулах гээд Японы хамтарсан компанитай нийлээд хөрөнгө оруулагч хайж байгаа.