Ж.Алдаржавхлан: Эрүүдэн шүүлтийг хамгийн торгон мэдрэмжээр мэдрэх ёстой ХЭҮК-т эрх мэдэл өгмөөр байна

Ж.Алдаржавхлан: Эрүүдэн шүүлтийг хамгийн торгон мэдрэмжээр мэдрэх ёстой ХЭҮК-т эрх мэдэл өгмөөр байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ гэж шүдгүй байгууллага байгаа. Хорих дотроос "намайг эрүүдэн шүүгээд байна" гэдэг мессежийг өгөх юм бол ХЭҮК түдгэлзүүлэх эрхийг нь өгмөөр байгаа юм. Эрүүдэн шүүлтийг очиж шалгадаг байхаар. ХЭҮК 100 гаруй ажилтантай юм билээ ш дээ. Энэ хүмүүс ажлаа хийдэг, эрүүдэн шүүлтийг зогсоодог эрх мэдэлтэй болгохгүй бол. Бид энд ярьж, ярьж эргээд мартдаг.

Эрүүдэн шүүлтийг хамгийн торгон мэдрэмжээр мэдрэх байгууллага бол ХЭҮК. Цагдаа нар биенээ илчлэхгүй, нэг төгсөлтийнхөн байдаг гэж яриад байна лээ. Тэгэхээр ХЭҮК илүү хүчтэй, асуудал руу оруулдаг болгож байж, асуудал илүү шийдвэрлэгдэх юм байна гэж харж байгаа. Тэгэхгүйгээр бид хүчний байгууллагатайгаа ноцолдоод, энэ хэддээ даалгавар өгөөд хугацаат үүрэг өгөөд байх юм бол хэзээ ч биелэхгүй. Тийм учраас гуравдагч байгууллагад эрх өгмөөр байна. Энийг хүлээж аваач ээ гэж хүсч байна" гэв.