Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар өнөөдөр /2024.12.18/ танилцуулав.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, "ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг ААН-үүд хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хэлэлцээрийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа. Улмаар, "үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүн экспортлох боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо мөн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах агуулгыг хэлэлцээрт тусгаж, ийм нөхцөлд хэлэлцээр хийх ёстой" гэдэг агуулгаар хойшлуулж байна.
-21 АЙМАГ, 330 СУМАНД ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ, ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ-
Хоёрдугаарт, Улсын онцгой комисс, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах явц хэрхэн явагдаж байгаа талаар, ялангуяа шадар сайдын тушаалаар аймаг орон нутаг, 21 аймаг, 330 суманд шуурхай бүлэг ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийх, "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь дүгнэх, малчид иргэддээ шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг өгөх, бэлтгэл ажлын талаар анхаарах асуудлуудыг судалж, газар дээр нь шийдвэр гаргах зорилгоор явсан.
-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ ШТАБ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА-
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн засаг даргаар ахлуулсан шуурхай штабыг 24 цагийн ажиллагаатайгаар зохион байгуулалтад оруулж, түлшний чанар стандарт, аюулгүй байдал хэрэглээ, ард иргэдэд өгөх заавар зөвлөгөө, урьдчилан сэргийлэх ажлууд, зөвшөөрөлгүй түлэгдэж байгаа түүхий нүүрсийг хяналтад авах, айл өрхүүдийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа түлшний чанар стандартыг сайжруулах, урт дунд хугацаанд хэрэгжүүлэх орон сууцны төсөл хөтөлбөрүүд, хийг хэрэглээнд нэвтрүүлэх, цахилгаан хэрэглээнд нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг нэг мөр шийдвэрлэхтэй холбоотой асуудлуудыг судалж, үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулсан" гэв.