Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн байршлуудад яаралтай арга хэмжээ авах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар дүүргийн 9 хорооны 14 байршилд халиа дошин үүсэж мөстсөн байдалтай байна. Үүнтэй холбогдуулан “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг ачиж зөөж тээвэрлэн, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж буй. Нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна зарим айл өрхийн хашаа руу гүний ус орж мөстсөний улмаас халиа дошин үүсэж, нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс хашаанд нь халиа дошин үүссэн 9 дүгээр хорооны 8 айл өрхийн нэгж талбарын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Хуралдааны үеэр Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Баттөр мөс зайлуулах жишиг зардлын тооцоолол гаргах, халиа дошин үүсдэг байршлуудад газар олгохгүй байх, үерийн усны амны байршлыг тооцоолж зураг төсөв хийлгэх, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг судалж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.
Дүүргийн Засаг даргын А-711 дүгээр захирамжаар ЗДТГ-ын газар хэлтэс, хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын хамтаар айл өрхийн шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн мэдрэгчийн хэрэглээний хяналт шалгалтыг зохион байгуулж буй. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.