“Дуулианыг дуулианаар” дарах гэсэн зарим улстөрчдийн башир үйлдлийн дараагийн “бай” жүжигчин С.Одбаяр байв уу

“Дуулианыг дуулианаар” дарах гэсэн зарим улстөрчдийн башир үйлдлийн дараагийн “бай” жүжигчин С.Одбаяр байв уу

Дуулианыг дуулианаар, сенсацийг сенсациар дарах гэдэг улс төрчдийн башир үйлдэл сүүлийн үед хэрээс хэтэрч, урлагийн зарим нэг нөхдүүдээр туг тахицгаах болов. Тодруулбал сүүлийн үед олны танил хүмүүсийн асуудал, зөрчил гаргаж буй бичлэг нь тухайн үйл явдлаасаа нэлээд хэдэн сарын дараа цацагдаж байгаа нь нийгмийн анхаарлыг өөр зүйлд чиглүүлж ямар нэгэн нийгэмд тулгамдсан асуудлын дуулианыг дарах эс бөгөөс томоохон асуудлыг шийдвэрлэхдээ нийгмийн анхаарлаас холдуулах гэх мэт улс төрчдийн башир арга байж болзошгүй байна. Иймд уг бичлэгүүдийг хэн, ямар зорилготой цахим орчинд нийтлээд байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

-СЕКСЦАГААНБОГД, РҮҮКИ НАРЫН ТАЛААРХ БИЧЛЭГ НЭЛЭЭД ХЭДЭН САРЫН ӨМНӨХ ҮЙЛ ЯВДАЛ БАЙВ-

Эл хэргүүдээс заримыг нь дурдвал Сексцагаанбогд буюу реппер Б.Гантулгын өөрийн найз охин Н.Урингийн биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, дуулиан болж байв. Сексцагаанбогд, Н.Урин нар энэ талаар өөрсдөө мэдэгдэл хйихдээ, “Уг үйл явдал нэлээн дээр үеийн явдал. Гэтэл ийм удаан хадгалж байгаад одоо гаргаж ирж байгаа нь сонин санагдаж байна” хэмээж байв.

Тухайн үйл явдал болох үеийн нийгэм болоод улс төрд өрнөсөн үйл явдлыг сэргээн сануулбаас ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж, Дулаан III цахилгаан станц зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд зарлаж, БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал болж, согтуурсан үедээ манай улсад осол гаргаж, гудамжинд бие зассан ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе П.В.Петрунингийн хэрэг сөхөгдөж байв. Энэ л үетэй зэрэгцэн реппер Сексцагаанбогдын талаарх бичлэг цахим орчинд цацагдсан нь хардлага төрүүлж байгаа юм. Ямар нэгэн дуулиан дарах гэсэн оролдлого байв уу эс бөгөөс нийгмийг өөр асуудалд төвлөрүүлж, улс төрийн аль нэг процессоос олны анхаарыг холдуулах тактик ч байж болзошгүй.

Мөн Рүүкигийн CU сүлжээ дэлгүүрийн ажилтанд гар хүрч, танхайрч буй бичлэг цахим орчинд цацагдсан нь мөн л олон сарын өмнөх бичлэг байв.

Тодруулбал, 11 дүгээр сард уг бичлэг цацагдсан ч үйл явдал нь өнгөрсөн зургаадугаар сард буюу таван сарын өмнө болж байж. Тухайн үедээ түүний хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж, Рүүки буюу У.Мөнхбаганад Зөрчлийн хэрэг нээн 100 мянган төгрөгөөр торгож байжээ. Тухайн ажилтантай ч учраас олсон хэмээн өөрөө ярьж байв. Гэтэл таван сарын дараа ийнхүү бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Тухайн үед Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал, Х.Нямбаатарын Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байх журам, Цөмийн энергийн тухай хууль зэрэг асуудлуудын хэлэлцүүлэг ид өрнөж байв. Тухайн үеийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг бол Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байх шийдвэр. Уг шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан ч ид өрнөж байсан үе. Яг энэ үеэр таван сарын өмнөх реппер Рүүкигийн бичлэг цахим орчинд нийтлэгдэж олны анхаарлыг татсан нь нийгмийн анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн оролдлого байв уу хэмээн хардаж байна.

-"ЭТИК" ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧНИЙ БИЧЛЭГ Ч НЭЛЭЭД ХЭДЭН САРЫН ӨМНӨХ БИЧЛЭГ-

Харин өчигдөр “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдын биед халдаж буй бичлэг цацагдаж олон нийтийн анхаарлыг татав. Уг хэрэг явдал мөн л нэлээд хэдэн сарын өмнөх үйл явдал бөгөөд одоо цацаж буй.

Яг энэ цаг мөчид Нийслэлийн төсвийн тодотгол, Евроазийн эдийн засгийн гэрээ, утааны асуудал зэрэг мартаж, орхигдуулж үл болох олон асуудлууд бий.

Нийслэлийн төсвийг хаалттай байдлаар хэлэлцэн баталж, улмаар тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Уг тодотголыг энэ сарын 23-нд хэлэлцэх гэж байна. Мөн Евроазийн эзийн засгийн хэлэлцээ хийгдэхээр яригдаж буй. Уг асуудлыг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд ихээхэн эсэргүүцэж байгаа ч Л.Гантөмөр тэргүүтэй гишүүд Евроазийн эдийн засгийн гэрээг байгуулахаар улайран зүтгэсээр байна. Мөн утааны асуудлыг энд дурдахгүй өнгөрч эс болно. Багачууд нялхас маань эмнэлэг дүүргэж, утааны асуудал хэрээс хэтэрч буй энэ үед олон нийтийн анхаарлыг ямар нэг жүжигчний бусдын биед халдаж бичлэгт хандуулж, дуулианыг дарах гэсэн байж болзошгүй.

Бид үүгээрээ аливаа нэг олны танил иргэний буруутай үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Гагцхүү олон нийт анхаарал хандуулах зүйлсээсээ хоцролгүй, улс төрчдийн башир арганд авталгүй, хэрсүү байгаасаа гэсэн үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ.