Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 захь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, түүнийг Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл П.Батчулуунд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 20-ны /2024.12.20/ өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуунд холбогдох хэргийг өмнө нь /2024.09.17/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул ийнхүү анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэх гэж буй юм.
Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах хэргээр яллагдагчаар татагдсан П.Батчулуун нь өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон түүнийг яллагдагчаар татсан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...би донорынхоо гэр бүлээс зохих ёсны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тайлбар хийсэн ч ойлголтын зөрүү байсан байж магадгүй гэж бодож байна. ...” хэмээж байжээ.
Ташрамд өгүүлэхэд, П.Батчулуунд “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.