“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2024.12.17/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан "Манай улсад архи, мансууруулах бодисын хэтрүүлсэн хэрэглээ, цахим донтолт, мөрийтэй тоглоом зэрэг асуудлууд огцом ихсэж, үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэж байна. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай" гэв.