Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр /2024.12.17/ танилцууллаа.
Үндэсний Статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил: Өрийн статистикаар улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (16.6%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.7 (46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.8 (21.9%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (22.5%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.