Энэ оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон билээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул улсын дээд шүүхэд гомдол гаргалаа.
Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан юм. Нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлэн Н.Өнөрцэцэг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа хоёр өдрийн турш суулт зарлаж байсан. Гэвч шүүх хурлыг хаалттай явуулсан юм. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ давж заалдах шатны шүүхийн дараа илэрхийлж байсан.