"Эрүүл мэндийн шалтгаан"-аар хойшилсон З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

"Эрүүл мэндийн шалтгаан"-аар хойшилсон З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг пүрэв гарагт болно

Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг прокуророос 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны /2024.11.28/ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгч З.Санждорж нь эрүүл мэндийн шалтгаантай ШШГЕГ-ын харьяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшуулсан юм.

Энэ дагуу З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ пүрэв гарагт болно. 

Ташрамд өгүүлэхэд, дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэргээр буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.