Шүүхээс "нэмэлт ажиллагаа хийлгэх"-ээр буцаасан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэрэг прокурорт гацжээ

Шүүхээс "нэмэлт ажиллагаа хийлгэх"-ээр буцаасан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэрэг прокурорт гацжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь өнгөрсөн оны наймдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө /2023.08.10-11/ Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон билээ.

Улмаар прокуророос Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн гуравдугаар сард /2024.03/ шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Харин тус шүүх хэргийг хэлэлцээд "нэмэлт ажиллагаа хийлгэх"-ээр өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04/ хэргийг прокурорт буцаасан юм. Тэгвэл үүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн ч А.Ишдоржид холбогдох хэрэг шүүхэд шилжээгүй прокурорт гацсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зам тээврийн ослын улмаас хүний амь насыг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдсан А.Ишдоржид холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй учир нь тэрбээр өдгөө гадуур шалгагдаж байгаа бөгөөд намынхаа ажлыг хийж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, Прокурорын төлөвлөсөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд, "Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.