Дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 7500 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлийн гайхамшгийг харуулдаг спорт бол “Дакар Ралли” юм. Энэ жилийн “Дакар Ралли” ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Саудын Арабын Биша хотод болох бөгөөд Монгол Улсаас П.Мөрөн эх орноо төлөөлөн оролцохоор болоод буй. Иймд бид тун удахгүй томоохон тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг цуурайтуулах мото спортын тамирчин П.Мөрөнтэй ярилцлаа.
Түүний хувьд удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой нэгэн байжээ. Тэрбээр багаасаа л аав болон ах нарыгаа даган мотоцикл унаж сурсан бөгөөд 2016 онд бэртлийн улмаас спортоо орхих хэмжээнд хүрч байсан ч дөрвөн жил завсарласны эцэст 2020 онд эргэн ирж, уралдаанд оролцох болсон талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Анх хэзээ, хэдэн настайгаасаа мотоцикл унаж эхэлсэн бэ?
-Мото спортоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Аав, өвөө, ах нар бүгд л мотоциклоор уралддаг хүмүүс байсан учраас мотоциклтой их ойрхон өссөн. Тухайн үед хотын захын жижигхэн хашаанаас л эхэлж байсан. Жижигхэн мотоцикл ч байгаагүй. Ах нараараа түшүүлж байгаад л хөдлөөд явчихдаг байсан. 2009 оноос хамгийн эхний уралдаанууддаа оролцож эхэлсэн.
-Мотоцикл унахад өөрт чинь ямар мэдрэмж төрдөг бол?
-Юмнаас чөлөөлөгдөж байгаа мэдрэмж өгдөг нь гоё. Одоогийн нийгэм жаахан хэцүү, нэг талдаа жаахан харанхуй байгаа. Үүнээс салах юм нь миний бодлоор мотоциклын спорт болж өгдөг.
-Энэ жил “Дакар ралли”-д оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Нислэгт нислэгийн цаг гэж байдаг бол тамирчдад уралдах хугацаа гэж байдаг. Хэр урт замыг хэдэн цагт туулсаныг нь хардаг. Тийм болохоор дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцсон туршлага надад дутаж байсан. 2021 оноос хойш ихэвчлэн Дэлхийн томоохон тэмцээнүүдэд уралдаж, дажгүй амжилт үзүүлснээр энэ оны наймдугаар сард эрхээ авсан.
-Тамирчин хүнд хамгийн хэцүү нь бэртэл гэмтэл байдаг шүү дээ. Өөрөө бэртлийн улмаас багагүй хугацаанд спортоосоо хөндийрсөн. Энэ яг ямар бэртэл байсан бэ?
-2016 онд мотоциклтойгоо унаад дотор гэмтэл аваад завсарлах шаардлага гарсан. Эмч спортоо үргэлжлүүлж болохгүй гээд 2016-2020 он хүртэл спортоосоо хөндийрчихсөн байсан. Тухайн үед гадагшаа явж сургуульд сурсан. Миний хувьд өөр спортод өөрийгөө сорих хүсэл байсан. Өөрийгөө хуурчих гээд л мотоциклоос өөр гоё зүйл байдаг шүү гэдгийг мэдэрчих гээд хөл бөмбөг тоглодог ч юм уу, сэлдэг ч юм уу бүгдийг нь хийсэн ч яалт ч үгүй л гоё биш байсан. Тэгээд 2020 онд буцаж эх орондоо ирээд эмчид үзүүлсэн чинь гайгүй болчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед Раллигийн төрлийг тэмцээн зарлагдчихсан байсан. Түүнд уралдаад үзье гээд гэр бүлийнхнээсээ асуухад эхэндээ зөвшөөрөхгүй байсан. Ятгасаар байгаад зөвшөөрөл авч, тэр тэмцээндээ хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэр үеэс л ралли гоё санагдаж эхэлсэн.
Холоос харахад олон хоног халуун хүйтэнд яваад, их хэцүү юм шиг санагдаж байж болох ч яг яваад үзсэн чинь бусад ангиллын уралдаанаас огт өөр мэдрэмж өгч байсан. Тэгээд л 2021 оноос хойш энэ төрлийн хотын аварга, улсын аварга болоод олон улсын тэмцээнүүдэд өөрийгөө сориод явж байна даа.
-Хэзээнээс Дакарт оролцохоор бэлтгэж байв?
-“Дакар ралли”-д өөрийгөө сорьж үзье гэсэн бодол 2021 оноос хойш төрсөн. Гурван жил дараалж татгалзсан хариу авсан. Тэгээд энэ жил мундаг хамт олон болон намайг дэмждэг хүмүүсийнхээ ачаар л тэнцсэн дээ. Энэ тэмцээн маань 14 хоног зохион байгуулагдаж, 8000 орчим км замыг туулна гэхээр Монгол орны хилийн шугамаар бүтэн тойрох хэмжээний урт уралдаан болдог. Тийм болохоор тууштай байдал чухал гэж бодож байгаа. Анх удаа оролцож байгаа болохоор ямар байхыг нь мэдэхгүй байна.
-Хэзээнээс эхлэн энэ төрлийн тэмцээнд оролцох болсон бэ?
-2009 оноос хойш мото кроссын ангиллын тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш 100 гаруй тэмцээнд оролцсон байна. Энэ жил гэхэд л Абу Дабигийн аваргад 7-оор эрэмбэлэгдсэн. Мөн Торгоны зам раллид түрүүлж, анхны аваргын цомыг эх орондоо авч ирж байсан.
-Энэ спортод хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?
-Манай спортод хамгийн хүндрэлтэй зүйл нь мөнгө санхүү, спонсорын асуудал байдаг. Мөн техник маань олдоц багатай. Дэлхий дээр 150 орчим л үйлдвэрлэгдсэн байдаг ховор мотоцикл байгаа. Энэ хүртэл маш олон саад бэрхшээл байлаа. Энэ үеүдэд хамт байсан болон намайг дэмжсэн хүмүүст баярлалаа.