“Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаанд чөлөөт бөхийн баг яллаа

“Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаанд чөлөөт бөхийн баг яллаа

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах жүдо бөх болон чөлөөт бөхчүүдийн халз барилдаан өндөрлөлөө.

Анх 1999 онд зохион байгуулагдсан жүдо, чөлөөтийн тамирчдын халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “хайнаа” хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 гэсэн давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг ялалтыг авлаа. 

Чөлөөт бөхийн багт:

Улсын арслан Б.Орхонбаяр

Улсын заан М.Лхагвагэрэл

Улсын заан Д.Хүдэрбулга

Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо

Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар

Улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагна

Аймгийн арслан Ч.Алтангэрэл

Аймгийн арслан М.Цэрэн

Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.

Жүдо бөхийн багт: 

Дархан аварга Н.Батсуурь

Улсын заан Д.Анар

Улсын заан Б.Серик

Улсын начин Х.Цогтгэрэл

Улсын начин Б.Лхагвадорж

Улсын начин Б.Түвшинтөгс

Улсын начин Э.Мөнхжаргал

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр

Аймгийн арслан М.Баяржавхлан

Аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав. 

Мөн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн багийн шилдгүүд болох гавьяат тамирчин, Д.Төмөрхүлэг, гавьяат тамирчин Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо гэж МҮБХ-оос мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө