Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг Саудын Араб, 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд хамтран зохион байгуулна гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдсэн байна. 2034 оны ДАШТ болох тус улсын 15 цэнгэлдэх хүрээлэнгээс одоогийн байдлаар дөрөв нь бэлэн болоод байгаа аж.
ДАШТ-ий 100 жилийн ойд зориулсан 2030 оны тэмцээний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болно. Лхагва гарагт болсон ФИФА-гийн ээлжит бус их хурлын үеэр санал хураалт явуулж, дээрх хоёр тэмцээнийг зохион байгуулах улсуудыг тодруулжээ. Хуралд ФИФА-гийн гишүүн 211 орны төлөөлөл цахимаар оролцсон байна. Хоёр ДАШТ болон 2030 оны 100 жилийн ойн тоглолтуудыг зохион байгуулагчдыг тусдаа санал хураалтаар баталжээ. Ингэхдээ эхлээд Уругвай, Парагвай, Аргентиныг 100 жилийн ойн зохион байгуулагчаар тодруулсан байна. Үүний дараа 2030 оны тэмцээнийг зохион байгуулах гурван орныг, мөн 2034 оны тэмцээнийг зохион байгуулагч орноор Саудын Арабыг баталгаажуулжээ.