БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 05-08-ны хооронд Дэлхийн Оюуны Спортын Холбооноос зохион байгуулсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21 орны чансаа өндөр 101 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан, ОУ-ын Шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж нарын удирдлага дор шигшээ багийн 32 тамирчин амжилттай оролцон 11 цом, тэмцээний 90 медалиас 27 алт, 27 мөнгө, 26 хүрэл медаль (80 медаль)-ийг тус тус хүртэж багаараа үнэмлэхүй ялалт байгууллаа. Мөн манай тамирчид хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 3 тамирчин ОУ-ын Их Мастер цол, 6 тамирчин ОУ-ын Мастер цолны эзэд боллоо.
Багийн төрөлд: Монгол Улсын баг “ДЭЛХИЙН 6 УДААГИЙН АВАРГА БАГ” боллоо.
Алт: Монгол Улс
Мөнгө: БНХАУ
Хүрэл: БНЭУ
Тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулья.
Бага насны ангилалд:
Алт: Б.Сэлэнгэмөрөн
Мөнгө: М.Гэгээн-Оюун
Хүрэл: О.Ирмүүн
Өсвөр насны ангилалд:
Алт: ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон
Мөнгө: ОУ-ын Их Мастер О.Наранзул
Насанд хүрэгчдийн ангилалд:
Алт: Их Мастер Ху Шу Ян
Мөнгө: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
Хүрэл: Азийн Мастер А.Дайана
Ерөнхий дүнгээр Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Монгол Улсын тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Үүрийнцолмон (14 нас) бүх тамирчдыг тэргүүлж “2024 оны Ой тогтоолтын Дэлхийн Аварга" боллоо.