Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорж мөнгөн медаль хүртжээ.
Хурдан уншлагын тэмцээний үндсэн шалгуур нь урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншуулж дараа нь ойлгоцыг нь олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэргээр шалгадаг аж. Дэлхийн оюун ухааны анхны тэмцээн 1998 онд Лондонд болж байсан бөгөөд 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
Энэ жил тус тэмцээнд Энэтхэгийн тамирчин түрүүлсэн бөгөөд, Энэтхэг улс анх удаа оюун ухааны тэмцээнд түрүүлсэн нь энэ юм. 2024 оны Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 100 гаруй тамирчин өрсөлджээ.