ВИДЕО: Хоёр өдөр болсон Кураш бөхийн тэмцээний зардлыг 8 хоногоор тооцож, компьютр түрээс, хулдаасан хэвлэл зэрэгт 350 саяыг зарцуулжээ

ВИДЕО: Хоёр өдөр болсон Кураш бөхийн тэмцээний зардлыг 8 хоногоор тооцож, компьютр түрээс, хулдаасан хэвлэл зэрэгт 350 саяыг зарцуулжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулалтгүй, гаднын улс орны баг тамирчдыг үл хүндэтгэсэн, алдаа дутагдал ихтэй болж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

ВИДЕО: 

Тэгвэл тухайн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Кураш бөхийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Ингэхдээ улсын төсвийн 350 сая төгрөг зарцуулсан байна. Харин тухайн хөрөнгийг “Кураш бөхийн холбоо” зориулалтын дагуу зарцуулаагүй байж болзошгүй талаарх баримтыг бид энэ удаад дэлгэж байна.

Монгол Улсад зохион байгуулах Кураш бөхийн ДАШТ-ий зардал гаргах тухай тушаалыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга энэ оны аравдугаар сарын 02-ны өдөр гаргасан аж. Зардалд шаардагдах 350 сая төгрөгийг тус хорооны дотоодын тэмцээн уралдааны зардлын ангиллаас гаргасан байна. Хамгийн хачирхалтай нь тухайн төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийн дийлэнх нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй байж болзошгүй байгаа юм. Тухайлбал,

  • ДАШТ-ийг хоёр телевизээр гурван өдрийн турш телевизийн шууд нэвтрүүлгээр цацах хөлсөнд 36 сая төгрөг
  • Сайтаар гурван өдрийн турш тэмцээнийг шууд цацахад 15 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл тэмцээний нээлт хэсэг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд цацагдсан аж.
  • Тэмцээний шүүгчдийн хөлсөнд буюу 30 шүүгчийг найман өдрийн турш ажиллуулахад 24 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл тухайн тэмцээн нь энэ сарын 05- 06-ны хоёр өдөр болж, өчигдөр /2024.12.06/ хаалтаа хийсэн.

Ер нь тухайн тэмцээний төсвийг найман өдрөөр бодож зардлыг батлуулсан нь энд анхаарал татаж байгаа юм. Тодотговол, хяналтын ажилчдын ажлын хөлс, Англи хэлний доктор, олон улсын Курашийн холбооны шүүгчдийн хөлс, сайн дурын ажилтнуудын цалин зэргийг найм хоног бодож нийтдээ 125 сая 200 мянган төгрөг төсөвлөсөн байна. Мөн сайн дурын 90 ажилтны жигд хувцаст 10.8 сая төгрөг зарцуулсан байх аж.

Гэтэл “Тэмцээний үеэр 90 ажилтан бүү хэл 20 ажилтан ч байгаагүй. Байсан ганц нэг хүмүүс нь гадаад хэлний мэдлэггүй, цагаан фудболк өмссөн нэр төдий хүмүүс байсан” гэдгийг онцолж байсан юм.

Түүнчлэн лед дэлгэцэнд 12.5 сая, нээлтийн ажиллагааны урлагийн үзүүлбэрт 7 сая, заалны түрээст 50 сая, хулдаасан хэвлэлд 17.5 сая, комьютер түрээст 4 сая, канон, принтер, сканнер, хор зэрэг техник хэрэгсэл түрээслэхэд 2 сая төгрөг зарцуулахаар төсвийг баталж, Кураш бөхийн холбоо санхүүжилтээ авсан байна. Гэтэл улсын төсвийн 350 сая төгрөг зарцуулж Монгол Улсад зохион байгуулсан Кураш бөхийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нэр төрийг дэлхийн улс оронд Монголыг сайнаар бус саараар харуулах бас нэгэн шалтгаан болов.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө