Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гараг /2024.12.03/-ийн орой улсдаа зургаан цагийн турш дайны онц байдал зарлаж, ард олноо сандаргасан нь энэ долоо хоногт дэлхийд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг “онц байдал” зарлаж, армиа бэлэн байдалд оруулсан зарлигийг БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 гишүүний 190 гишүүн нь хуралдаж “хүчингүй” болгосноор тус орны хурцадмал байдал намжсан юм. Учир нь БНСУ-ын Үндсэн хуульд Үндэсний ассамблейн гишүүдийн олонхын саналаар ерөнхийлөгчийн тогтоосон онц байдал, цэргийн дэглэмийг цуцалж болно гэж заасан байдаг аж.
Харин Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд итгэл үзүүлэх эсэх “санал хураалт” явуулах саналыг сөрөг хүчнээс нь Үндэсний ассамблейн хуралдаанд хэлэлцүүлэхээр пүрэв гараг /2024.12.05/-т танилцуулсан. БНСУ-ын хуулийн дагуу саналыг танилцуулснаас хойш 72 цагийн дотор хэлэлцэн санал хураалт явуулах ёстой тул өнөөдөр /2024.12.07/ Юн Сог Ёлийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарч магадгүй байна. Учир нь Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль дайны, онц байдал зарлахдаа Үндэсний ассамблейгаас зөвшөөрөл аваагүй нь БНСУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.
-БНСУ-Д БОЛСОН ЯВДАЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮД ХУРЛАА ТАСЛАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ГЭДГИЙГ ХАРУУЛЛАА-
Тэгвэл манай улсын Үндсэн хуулиар ч Монгол Улсын Ерөнхийлөгч “онц байдал” зарлах эрхтэй бөгөөд тус шийдвэрийг нь УИХ цуцлах бүрэн эрхтэй байхаар зохицуулсан байдаг. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.12-д, “… Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно” гэж заажээ. Хуулийн ЭНД ДАРЖ үзнэ үү.
Товчхондоо, онц болон дайны байдал зарлах, цуцлах Үндсэн хуулийн зохицуулалтаараа манай улс БНСУ-тай төстэй гэсэн үг. Үүний тулд манай УИХ-ын гишүүд эх орондоо байж, чуулганы хуралдаандаа тогтмол оролцож байх нь “Монгол Улсын аюулгүй байдал”-ын баталгаа гэдэг нь Үндсэн хуулийн энэхүү зохицуулалт болон БНСУ-д болсон үйл явдлаас харагдаж байгаа юм.
Гэтэл өдгөө УИХ-ын 126 гишүүний зарим нь чуулганы хуралдаа тогтмол суухгүй байгаа нь өмнөх парламентын “шүдний өвчин” байсантай адил асуудал үүсээд буй. Ямар сайндаа УИХ-ын гишүүдийг хуралдаа тогтмол суулгадаг болгохын тулд спикер Д.Амарбаясгалан “Чуулганы хуралдаа байнга суудаг гишүүдээ урамшуулдаг болно” гэж мэдэгдэж байхав. Тухайлбал, УИХ-ын намрын чуулганы аравдугаар сар /2024.10/-д хамгийн олон удаа хуралдаа суугаагүй гишүүдээр Т.Аубакир, Д.Батлут, Х.Баттулга, Э.Бат-Амгалан, А.Ганбаатар, Н.Наранбаатар, Ч.Ундрам, Ц.Туваан нар тодорсон.
ВИДЕО:
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол ирж суудаг гишүүдийг урамшуулна гэхээр хүмүүс мөнгөн урамшуулал гэж ойлгоод байх шиг байна. Мөнгө урамшуулал биш, урагш нь суулгадаг болно pic.twitter.com/2r1UocQ9Zb
— iToim.mn (@iToim_mn) December 3, 2024
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛСОН Х.БАТТУЛГА ЗХЖШ-Д ГЭНЭТ ОЧИЖ, УЧИР БИТҮҮЛЭГ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙЛАА-
Нөгөө талаар Өмнө солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн дайны байдлын зарлиг нь УИХ-ын гишүүдийн олонх нь бүрэн эрхийнхээ хугацаанд тогтмол эх орондоо байх ёстой гэдгийг харууллаа. Учир нь Өмнө солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн дайны байдал зарласан зарлигийн дараахан тус улсын цэргүүд парламентын ордныхоо байрыг бүсэлсэн ч Үндэсний ассамблейн гишүүд нь хашаа давж, цэргийнхэнтэй мөргөлдсөний эцэст нэвтэрч чадсанаар ерөнхийлөгчийнхөө зарлигийг цуцалж чадсан юм.
ВИДЕО:
ВИДЕО: БНСУ-ын Үндэсний Ассамблейн үүдэнд цэргийнхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ https://t.co/6TIVxZYRQR pic.twitter.com/UrpaKVxjPM
— iSee.mn (@iSee_MN) December 3, 2024
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 33.2-д “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэж заасан байдаг. Энэ ч утгаараа манай улсад магадгүй Өмнөд солонгосын ерөнхийлөгчийн зарласан дайны байдал бүхий зарлиг 2021 онд гарах гэж байсан байж магадгүй байдаг.
Тодруулбал, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсныхоо дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19 /2021.04.19/-ны МАН-ыг тараах захирамж гаргаж, улмаар тус өдрөө Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д гэнэт очиж, “хаалттай уулзалт” хийж байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Монгол Улсын Ерөнхийлөгч /Х.Баттулга/ мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-д очсон байна. Энэ бол сэтгэл сэрд хийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байна” хэмээн мэдэгдэж байлаа.
ВИДЕО: МАН-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ны хийсэн мэдэгдэл
Х.Баттулгын тус уулзалтад ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг болоод жанжин штабын орлогч, зарим газрын дарга нараас өөр хэнийг ч оруулаагүй гэдэг. Мөн тус уулзалтаар тэд юу ярьсан, Х.Баттулга ямар зорилгоор ЗХЖШ-д гэнэт очсон гэдэг нь өнөөдрийг хүртэл олон нийтэд тодорхойгүй байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон Х.Баттулга магадгүй “МАН-ыг татан буулгах миний мэдэгдлийг үзэв үү, Онц байдал зарлахад бэлэн үү” гэж асуусан байж болзошгүй хэмээн бид тухайн үед нь хардаж байлаа. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ түүх “эрх бүхий” хэн нэгэн манай улсад дайны болон онц байдал зарласан зарлиг гаргасан үед УИХ-ын гишүүдийн олонх эх орондоо байх нь чухал гэдгийг харууллаа.
-МОНГОЛ УЛС Х.БАТТУЛГЫГ ШАЛГААГҮЙ БОЛ ӨМНӨД СОЛОНГОСЫН ХУУЛИЙНХАН ЮН СОГ ЁЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА-
Хачирхалтай нь, Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгч”-ийн албан тушаалд 2017 онд очсон даруйдаа “цаазын ялыг сэргээнэ” хэмээн мэдэгдэж, улмаар Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьж байлаа. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай бөгөөд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж Үндсэн хуулийн 3.1-д заасан.
ВИДЕО: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрийн эрхийг авах гэсэн байж болзошгүй оролдлого нэвтрүүлэг
Харин БНСУ-д энэ долоо хоногт үүссэн нөхцөл байдал нь сөрөг хүчний Ардчилсан намаас төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байхдаа Өмнөд солонгосын Аудит болон Ерөнхий прокурор нарын 22 албан тушаалтныг огцруулах санал ирүүлсэн тул Ерөнхийлөгч Юн Сог Ёль дайны онц байдлын зарлиг гаргах болсон гэж тайлбарлаж буй. Тэгвэл Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал зарласан асуудлаар нь тус улсын Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар “Yonhap" агентлаг өчигдөр мэдээлсэн.
Нөгөө талаар БНСУ-ын сөрөг хүчний 191 хууль тогтоогчийн өргөн барьсан улсынхаа ерөнхийлөгчид "итгэл үзүүлэх" эсэх тухай хуулийн төслийг батлахад Үндэсний ассамблейн гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай аж. БНСУ-ын Үндэсний ассамблей нь 300 гишүүнтэй тул сөрөг хүчин хуулийн төслийг батлахын тулд Юн Сог Ёлийн “Ард түмний хүч” намаас сонгогдсон найман гишүүний саналыг авах шаардлагатай болоод байгаа аж.