Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлах аж. Үүнээс гадна “Уран барилдааны тусгай шагнал”, “Зоригтон” шагналын эздийг тодруулах ажээ. “Зоригтон” шагналыг гурван даваанд өндөр цолтой учраа бөхөө өвдөг шороодуулсан бөхөд олгох бөгөөд гурван сая төгрөг гардана.
Энэхүү барилдааныг анх 1999 онд Ардчилсан хөдөлгөөний 10 жилийн ойгоор зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед дархан аварга А.Сүхбат заан цолтойдоо түрүүлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж байжээ. Харин хамгийн сүүлийн хоёр барилдаанд буюу 2017, 2019 онд улсын заан Б.Бат-Өлзий дараалан түрүүлсэн байдаг бол 2020-2023 онд өнжсөн юм.