Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдөртэй холбогдуулж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.28/ мэдээлэл хийлээ.
Монгол Улс дээрх өдрийг “Хүний эрхийг дээдлэн Зөв чигт урагшлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад 2024 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 30.4 хувийг эзэлж буй аж. Өмнөх оны мөн үеэс 570 тохиолдлоор өссөн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Монгол Улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын төвлөрсөн тархалттай байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын барагцаалсан тооцооллоор 2024 онд ХДХВ-ийн халдвартай нийт 667 хүн байх боломжтойг тооцоолсон. Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл ХДХВ-ийн халдвартай нийт 388 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсээс 66 нь нас барсан байна.
- ХДХВ -ийн халдвартай гэдгээ мэддэг хүн- 48 2 хувь
- Ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан- 97хувь
- Вирусийн идэвхи дарангуйлагдсан- 96 хувь
- Бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдлын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжин халдварласан.
- Эхээс хүүхдэд жирэмсэн, төрөх үед, хөхний сүүгээр халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд нийт ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 20 эмэгтэй 35 хүүхэд төрүүлсэн, үүнээс 14 эх давтан төрсөн.
- Нийт тохиолдлуудыг хүйсийн чиг баримжаагаар авч үзвэл 15.5 хувийг эмэгтэйчүүд, 84.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
- Мөн бүртгэгдсэн тохиолдлуудыг оношлогдох үеийн насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдлын 54.1%-ийг 25-39 насныхан (19.8% нь 30-34 нас, 18.8% нь 25- 29 нас, 15.5% нь 35-39 нас) эзэлж байна.