Төрийн албан хаагч "сошиалд сөрөг пост, сэтгэгдэл бичиж, шэйр хийхийг хориглосон” хуулийг Ц.Нямдорж санаачлан, өмнөх парламент баталжээ

Төрийн албан хаагч "сошиалд сөрөг пост, сэтгэгдэл бичиж, шэйр хийхийг хориглосон” хуулийг Ц.Нямдорж санаачлан, өмнөх парламент баталжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж 2022 оны дөрөвдүгээр сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлуулсан байдаг.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАХИМ ОРЧИНД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, АЛИВАА УЛС ТӨРИЙН НАМ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР ЭЕРЭГ, СӨРӨГ ПОСТ, КОММЕНТ БИЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХУУЛЬЧИЛЖЭЭ-

Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолд "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт багтаж, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж уг хуулийг өргөн мэдүүлж батлуулсан юм. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

Гэвч уг хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой заалт бий. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 39.1.13-д "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно" гэж заасан.

Мөн 39.1.14 дэх заалтаар "төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно" гэж тус тус заасан байх аж.

Хэрэв уг хуулийн зүйл заалтыг зөрчсөн бол өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална гэж хуульчилжээ.

Ийнхүү төрийн алба хаагч иргэнийхээ хувьд ч аливаа асуудалд өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, цахим орчинд сөрөг пост, коммент бичихийг хориглож, Үндсэн хуульд үл нийцэх зохицуулалт оруулсан байгаа юм.

Тухайлбал Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл монгол иргэн бүр үзэл бодлоо хэний ч албадлага болон хязгаарлалтгүйгээр илэрхийлэх эрхтэй гэсэн үг. Гэвч Төрийн албан хаагчийн тухай хуулиар аливаа цаг үеийн асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэх, цахим орчинд сөрөг пост коммент бичих зэргээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хүний суурь эрхийг шууд хязгаарласан заалтыг 30 жил парламентад суусан Ц.Нямдорж санаачлан батлуулжээ.

-ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙГ АН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД ЭСЭРГҮҮЦНЭ-

Түүнчлэн бас нэгэн ноцтой заалт байгаа нь 37.1.10-д "албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх" гэж заасан байна. Ингэснээр төрийн байгууллагуудын дотоод бугшсан асуудлууд далд хэлбэрт шилжиж, илүү хаалттай болгож болзошгүй. Учир нь төрийн албан хаагчид аливаа бодлого, хөтөлбөрийн талаарх зарчмын зөрүүтэй саналаа илэрхийлэх боломжгүй болж байна гэсэн үг.

2016-2024 оныг хүртэл нэг нам /МАН/ үнэмлэхүй олноор засагласан. Энэ үедээ тэд дуртай хуулиа УИХ-аар батлуулж, Үндсэн хуулиа ч хүртэл зөрчсөн заалтуудыг энэ мэт оруулжээ.

Үүний балагаар Монгол Улсын ардчиллын индекс, авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс зэрэг олон улсын байгууллагуудаас гаргадаг жагсаалтуудад сүүлийн хэдэн жил дараалан ухарсан үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, Монгол Улс 2023 онд ардчиллын индексээр 77 дугаар байранд орж, өмнөх оноосоо 16 байраар ухарсан бол энэ онд дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд орсон. Мөн авлигын индексээр 2023 онд 180 улсаас 121-т жагсаж, өмнөх оныхоос таван байраар ухарч авлигын индексээр ардчилсан бус орны тоонд хамаарч байна. Харин хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр энэ жил 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдэж буй. 

Ийнхүү төрийн албан хаагчийг цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх тэр ч байтугай улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглох заалтыг 2022 онд ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж өргөн мэдүүлж, Г.Занданшатар даргатай парламент баталжээ. Одоогийн байдлаар уг хуулийн заалтыг эсэргүүцсэн АН-ын зарим гишүүд хуулийн заалтыг хүчингүй болгуулахаар ажиллаж эхэлсэн байна.