Н.Алтанхуягийн өрийг Х.Нямбаатар давтаж 500 тэрбумын дотоод бондоор зам засаж татвар нэмээд, 500 сая ам.долларын гадаад бондоор орон сууц барих гэнэ

Н.Алтанхуягийн өрийг Х.Нямбаатар давтаж 500 тэрбумын дотоод бондоор зам засаж татвар нэмээд, 500 сая ам.долларын гадаад бондоор орон сууц барих гэнэ

Ерөнхий сайдын албан тушаалыг Н.Алтанхуяг хашиж байхдаа “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 600 сая ам.долларын “өр”-ийг бий болгож байв. Харин “Чингис”, “Самурай” бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Бондын өрийг бидний үр хүүхэд буцаагаад төлчихнө” гэж хариулж байлаа. Үнэндээ “бонд” бол ирээдүй, хойч үедээ үлдээж буй “өрийн бичиг” юм. 

-БОНДЫН ӨРИЙГ ТӨЛӨХӨӨР АВТО ЗАМ АШИГЛАСАН ТӨЛБӨРИЙГ 4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА УУ-

Тэгвэл 2024 онд Хотын дарга Х.Нямбаатар 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд, 500 сая ам.долларын гадаад хаалттай бондыг гаргаад байна. Харин Х.Нямбаатар даргын босгосон 500 тэрбум төгрөгийн дотоод бондын 300 тэрбумыг нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д зээлээр олгосон бол, 150 тэрбумыг нь Улаанбаатар хотын зам засахад зарцуулж, үлдсэн 50 тэрбум төгрөгийг нь “Туул-1” коллекторыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий. 

“Бондын мөнгөнд болгоомжтой хандах хэрэгтэй шүү” гэж Н.Алтанхуягт сануулсаар байтал тэрээр бондынхоо багагүй хэсгээр нь авто зам тавьсан тул “200 сая ам.долларын үнэтэй түүний зам хоёрхон бороонд битгий урсчхаасай” гэж тухайн үед хэвлэлүүд шүүмжилж байв. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдааг давтаж, дотоодод босгосон 500 тэрбум төгрөгийн бондынхоо 150 тэрбумаар нь энэ намар Улаанбаатар хотын замыг засахад зарцуулж.

Өнөөх намаржин “бродюр” гэж шүүмжлүүлсэн замын ажил бол бондын санхүүжилтээр хийгджээ. Харин Х.Нямбаатар тус бондыг босгохдоо “Автозамын сан”-г барьцаанд тавьсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлдэг. Иймээс ч ирэх жил Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дөрөв дахин нэмэгдүүлж 2001 хүртэл цилиндрийн багтаамжтай автомашины нэг см3 -ийг 24 төгрөгөөр тооцож татвар авдаг байсан татварыг 96 төгрөг, 2001-3001 хүртэл моторын багтаамжтай автомашин нэг см3 -ийг 27 төгрөг тооцдог байсан татварыг 108 төгрөг, 3001-ээс дээш мотортой автомашины нэг см3 -ийг 33 төгрөгөөр тооцож татвар ногдуулж байсныг 132 төгрөг болон нэмэгдүүлэх гэж байгаа нь бондын өрөө төлж байж магадгүй байгаа юм.

-БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААЖ ОРОНД НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДАЖ БАЙНА УУ-

Хотын дарга Х.Нямбаатар 500 тэрбум төгрөгийн дотоодод босгосон бондынхоо 300 тэрбумыг нь зээл олгох нэрийдлээр Голомт банкны эзэн Д.Баясгалангийн хэрэгжүүлж буй “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын төсөлд өгчээ. Хачирхалтай нь, Бөөрөлжүүтийн цахилгаан станц анх 300МВт-ын хүчин чадалтай баригдана гэж байсан ч Багануурын 700МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл улс төрөө даалгүй гацсаны дараа Д.Баясгалан “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аа 600МВт-ын хүчин чадалтай болгон өргөжүүлнэ гэх болсон. 

Харин Багануурын цахилгаан станцыг гацаахад Голомт банкны эзэн Д.Баясгалан оролцсон байж магадгүй гэж олон хүн харддаг. Учир нь Д.Баясгалангийн эзэмшлийн “Eagle” телевизийн сэтгүүлч Д.Отгон Багануурт цахилгаан станц баригдвал “Хятад хороолол босно” гэх сөрөг нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд цацаж, тагнуулын хэргээр ял сонссон Ч.Мөнхбаяр нар Багануурт цахилгаан станц баригдвал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацаж байсан юм. 

ВИДЕО: Eagle TV-ийн Багануурын цахилгаан станцын талаар бэлтгэсэн "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлэг

Үнэндээ 2015 онд “Багануур пауер” ХХК Багануурын цахилгаан станцын хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулж байсан. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байв. Тодруулбал, гэрээ хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр Монгол Улс өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам.долларын гэрээнд манай Засгийн газраас ямар ч баталгаа шаардаагүй байв. 

-УЛААНБААТАР ХОТ ХААЛТТАЙ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЖ, АНУ-ЫН КОМПАНИУД ХУДАЛДАН АВЧЭЭ-

Энэ сар /2024.11/-д нийслэлийн захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын нэр дээр 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг хаалттай байдлаар гаргалаа. Тус бондын өр 2027 оны наймдугаар сар /2027.08/-д эргэн төлөгдөх аж. Харин 500 сая ам.долларын гадаад бондын мөнгөөр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах гэнэ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод гадаад бонд гаргах хоёр боломж байсан. Нэг нь нээлттэй зах зээл дээр төслөө танилцуулах байдлаар бонд босгох, нөгөө нь цаг хугацаандаа тохирсон хаалттай бонд гаргах. Нээлттэй байдлаар гаргая гэхээр ирэх жил хүртэл хүлээх, дахиад “Өрийн удирдлагын тухай” хуульдаа өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх шаардлагатай тулна. Дээрээс нь хотын бонд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах учраас гадаад бондоо хаалттай хэлбэрээр 7.75 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 500 сая ам.долларыг босгосон" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Х.Нямбаатарын Улаанбаатар хотын нэрээр гаргасан 500 сая ам.долларын 100 сая ам.долларын бондыг BlackRock, 200 сая ам.долларын бондыг Finco гэсэн хоёр хөрөнгө оруулалтын компани худалдан авч. Тэднээс авсан энэхүү их хэмжээний ам.долларыг 7.78 хүүг нь оролцуулаад 2027 онд төлнө гэсэн үг. 

Харин Улаанбаатар хотын 100 сая ам.долларын бондыг худалдан аваад буй BlackRock нь АНУ-ын үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын компани юм. 2023 оны байдлаар BlackRock орлогоороо АНУ-ын хамгийн том корпорацуудын Fortune 500 жагсаалтын 229 дүгээр байранд орсон байдаг. BlackRock нь нүүрс, зэвсгийн үйлдвэрлэл болон Хятад дахь хүний ​​эрхийн зөрчилтэй холбоотой компаниудад хөрөнгө оруулалт хийдэг гэх шүүмжлэлд өртдөг. Хэрэв бидэнд олдсон мэдээлэл үнэн бол Улаанбаатар хотын 200 сая ам.долларын бондыг худалдан аваад буй “Finco” нь Нью Йорк хотод төвтэй АНУ-ын санхүүгийн үйлчилгээ, программ хангамж хөгжүүлэлтийн компани аж.

“Хэлэх амархан ч, хийх хэцүү” гэх үг бий. Иймд Н.Алтанхуягийн “улсаа өрөнд оруулсан” гэх түүхийг Х.Нямбаатар давтаж  Улаанбаатар хотын иргэдийг өрөнд оруулж магадгүй байгаа юм. Учир нь 500 сая ам.долларын гадаад хаалттай бондын өр 2027 онд төлөгдөхгүй бол ирээдүй хойчид өвлөгдөх, мөн дотоод бондын өрийг дарахын тулд иргэдийн зам ашигласны татвар, цахилгааны төлбөр ч нэмэгдэж магадгүй байгаа юм. 

САНАЛ АСУУЛГА:

Улаанбаатар хот дотоод, гадаад бонд гаргаж, санхүүжилтээр нь зам засаж, орон сууц барих нь зөв үү?

Нийт: 11 саналтай