Авто спортын анхны гавьяат тамирчин Д.Болдбаатарын нэрэмжит тэмцээн 100 саяын шагналын сантай зохион байгуулагджээ

Авто спортын анхны гавьяат тамирчин Д.Болдбаатарын нэрэмжит тэмцээн 100 саяын шагналын сантай зохион байгуулагджээ

Авто спортын анхны гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатарын нэрэмжит "GThub Master Cross" уралдаан өчигдөр /2024.11.24/ Улаанбаатараас Дархан явах замд Баруун турууны даваанд боллоо. 

Нийт 100 сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдаанд нийт 74 тамирчин хурд хүчээ сорьж, 36 дугаартай, спортын мастер Л.Ариунболд түрүүлэв. Харин хоёрдугаар байранд Г.Бат-Эрдэнэ, гуравт Н.Одсүрэн, дөрөвт Ч.Батчулуун, тавдугаар байранд О.Төмөрбаатар нарын тамирчид шалгарсан юм.

Дашрамд сонирхуулахад, гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатарын хувьд 2021 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн бөгөөд 1999 онд буюу 24 жилийн өмнө анх тамирчны 24 дугаараа авч байжээ. Тэрбээр алдарт “Дакар ралли”-д 2013, 2014, 2015 онд гурван жил дараалан оролцож байсан бөгөөд Монголын томоохон уралдаан, тэмцээнүүдэд хүч үзэж, анхдагч амжилтуудын эзэн болж байсан чадварлаг тамирчин юм.