Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны ээлжит тоглолтоо хийх бөгөөд Японы Үцүномия хотын “Никкан Арена” болох уг тоглолт Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлж Премьер спортс нэтворк суваг орон даяар шууд дамжуулах ажээ.
Тодруулбал Японтой тоглох Монголын багийн дундаж нас 24.5, өндөр 192.3см байгаа юм. Манай дасгалжуулагчаар грек мэргэжилтэн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас ажиллана. Бүрэлдэхүүнд А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар багтлаа. Монголын баг урьдчилсан шатны тоглолтод хоёр хожигдсон бөгөөд Монголын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны чансаагаар дэлхийд 108-д, Азидаа 23-д эрэмбэлэгдсэн. Тэгвэл Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар АНУ-ын иргэн Том Ховассе ажиллаж байна. Тэд одоогоор 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “С” хэсгийг ганц ч хожигдоогүй тэргүүлж байна. Японы шигшээ дэлхийд 21-т, Азидаа хоёрдугаарт явна. Тус багийн дундаж өндөр 190.3, нас 27.9 байгаа аж. Япончууд Том Ховассын удирдлагад “Парис-2024” наадамд оролцсоноос гадна сагсан бөмбөгийн ДАШТ-д гурав хожиж, хоёр хожигдсон амжилтаар 19 дүгээрт эрэмбэлэгдсэн юм. Багийн бүрэлдэхүүнд Сота Оүра, Юки Тогаши, Шин Хейжима, Алекс Көрк, Такүто Накамүра, Юдай Нишида, Рёо Ямазаки, Хаяато Ямагүчи, Таканари Сасаки, Сойчиро Иноүэ, Хиротака Ёоший, Хирояа Кавамада нар багтжээ.