Жилд 160 хүн умайн хүзүүний хорт хавдраар нас барж, 400-500 хүн шинээр өвдөж байна

Жилд 160 хүн умайн хүзүүний хорт хавдраар нас барж, 400-500 хүн шинээр өвдөж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.11.20/-ны өдөр Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний Паппилома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж буй.  Үүнтэй холбогдуулан цахим орчинд тус вирусийн эсрэг сөрөг мэдээлэл, нотолгоогүй судалгаа цацагдсан тул албаны эх сурвалжууд Папиллома вируст өвчний шалтгаан, өвчлөлийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой тайлбар өгсөн юм.

Н.Эрдэнэхүү: Ирээдүйд олон залууст амьдрал бэлэглэх сайхан үйл явдал болж байна

ХСҮТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэхүү: Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэхүйц, ирээдүйд олон залууст амьдрал бэлэглэх боломж олгох үйл явдлын талаар мэдээлэл өгөх гэж байна. Монгол Улс өнөөдөр хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Орчны шалтгаант элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушгины  хавдрын тохиолдлоор олон жил тэргүүлж байгаа эмгэнэлтэй дүр зураг бидэнд бий. Цаашид ч буурах шинжгүй байна.

Умайн хүзүүний хавдраар 4723 хүн өвчилсөн байгаа бөгөөд жилд 160 хүн умайн хүзүүний хорт хавдраар нас барж, 400-500 хүн шинээр өвдөж байна. Тиймээс бид шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. 

Д.Баярболд: Монгол Улс дархлаажуулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулж, гурван төрлийн вакциныг товлолд оруулсан

ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд: Монгол Улс дархлаажуулалтын тухай хуулинд 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулж гурван төрлийн вакциныг товлолд оруулахаар хуульчилсан. Үүнд нэгдүгээрт, гепатит А-ийн эсрэг, хоёрт пенамакокийн эсрэг, гуравт хүний Папиллома вирусийн эсрэг вакциныг оруулсан байгаа. Гепатит А-ийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр шар өвчний гаралтыг 21 хувь бууруулж чадсан. Тийм болохоор Папиллома вирусийн эсрэг вакциныг товлолд оруулснаар 2030 он гэхэд тодорхой амжилтууд гарна гэдэгт итгэлтэй байна.

Ч.Баттогтох: Хүний Папиллома вирусийн эсрэг вакцин бол анагаах ухаанд хорт хавдраас хамгаалж чадах вакцин гэж хүлээн зөвшөөрөгдөж байна

АШУҮИС-ийн Ч.Баттогтох доктор: Хүний Папиллома вирус нь хүн ба амьтны дунд өргөн тархалттай, хүнд тархдаг хүний вирусийн хэв шинж нь 200 орчим байдаг. Тэдний 50 орчим нь охид хөвгүүдэд ялгаагүй бэлгийн хавьтлаар дамждаг. Ноцтой нь, зарим төрлийн вирус хүний биед олон арван жил оршиж байгаад хорт хавдар үүсгэгч болдог. Папиллома вирус нь умайн хүзүүнээс гадна ам залгиур, шулуун гэдэс гэх мэт олон эрхтэнд хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Хүний Папиллома вирусийн эсрэг вакцин бол анагаах ухаанд хорт хавдраас хамгаалж чадах вакцин гэж хүлээн зөвшөөрөгдөж байна. Тиймээс дэлхийн улс орнууд 2030 он гэхэд умайн хүзүүний хавдаргүй орон болно гэдгээ зарлаж эхэлсэн.  

О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам: “Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай. 13 төрлийн халдварт өвчний эсрэг 9 төрлийн вакциныг товлолын дагуу хийж бага насны хүүхдүүдээ дархлаажуулж байна. Хүний Папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 190 гаруй улс орны 145 нь дархлаажуулалтын хөтөлбөртөө аль хэдийнэ нэвтрүүлчихсэн байна. Папиллома вирус хавдрын шалтгаан болдог учраас 75 улс нь хоёр хүйсэнд хийж, хавдраас сэргийлж байна. Дэлхийн улс орнууд 9-14 насыг зорилтот бүлэг болгож, сургууль дээрх нь дархлаажуулдаг. Харин манай улс 11 настай хүүхдүүдээ урьдчилан сэргийлэхээр болоод байна. Дэлхий дахинд хүн амд хэрэглэхэд аюулгүй, баталгаатай гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, GMP шаардлагыг хангасан гурван үйлдвэрлэгч Папиллома вирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэж байна. АНУ, Бельги, БНХАУ гэсэн гурван улсын үйлдвэрт 2 цэнт, 4 цэнт, 9 цэнт вакцинуудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд манай улс АНУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг аюулгүй тээвэрлэж, 11 настай охид хөвгүүдэд хийхэд бэлэн болоод байна.