Хутга шидэлтийн дэлхийн аваргаас Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртлээ

Хутга шидэлтийн дэлхийн аваргаас Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртлээ

Энэ оны арваннэгдүгээр сарын 14-17-нд Беларусын нийслэл Минск хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах спортын хутга шидэлтийн тэмцээнээс Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т.Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлсэн байна. Монголын баг нь байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ. Минск хотын хөнгөн атлетикийн олимпын бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлүүдээр явагдаж өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд баг тамирчид оролцлоо. Тэмцээнийг Беларусийн Спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Спортын яам, "Оросын спортын сургалтын төв", Беларусь дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Беларусийн спортын хутга шидэлтийн холбоо, Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Монгол Улсаа төлөөлөн багийн ахлагчаар, Монголын спортын хутга шидэлтийн холбооны (МСХШХ) Ерөнхийлөгч, “Шиги” компаний ерөнхий захирал Г.Эрдэнэбилэг, тамирчин Б.Амарбаясгалан, Т.Энхтөгөлдөр нар ийнхүү амжилттай оролцлоо. Монголын тамирчид ОХУ-ын Москва хотноо 2022 оны 11 сард болсон спортын хутга шидэлтийн анхны ДАШТ-ий 4 метрийн ганцаарчилсан төрлөөс 1 алт, 1 мөнгөн медалийг 4 метрийн зайн төрөлд хүртэж байсан юм. Ийнхүү Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медаль хүртэж, амжилтаа бататгав. Манай тамирчид энэ зайд оновчтой сайн шидэж, өндөр амжилт үзүүлдэг онцлоготой.