Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохион байгуулахаар болсон байна.
Тодруулбал МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхны шагналын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан түүхтэй юм. Мөн тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй, залуу, дасгалжуулагч, шилдэг шүүгч, холбоо зэрэг 20 гаруй номинациар спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг байна. Түүнчлэн шилдэг тамирчин, баг, залуу тамирчныг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай бөгөөд “Бөртэ чоно-2024” наадамд нэр дэвших тамирчид болон санал асуулгын хугацааг ирэх сарын эхээр зарлахаар боллоо. Түүнчлэн “Бөртэ Чоно-2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Азийн наадмын аварга, байт харвааны тамирчин Б.Отгонболд тодорч байсан билээ.