"Парис 2024" олимпын наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн төрөлд оролцсон гурван тамирчныг "Бичил глобус" санхүүгийн байгууллагаас амжилтыг нь мялааж байсан билээ.
Тодруулбал, олимпын эмэгтэй марафонд амжилттай оролцсон Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нарыг тус бүр 30 сая төгрөгөөр мялаасан бол дэлхийн түүхэнд олимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд хамгийн олон удаа оролцсон Б.Сэр-Одод MG ROEWE RX-5 загварын автомашин бэлэглэсэн. Улмаар гавьяат тамирчин Сэр-Од олимпын дараагаар олон улсын тэмцээн уралдаанд оролцож эх орондоо ирээгүй байсан бөгөөд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр эх орондоо ирсэн тул "Бичил глобус" санхүүгийн нэгдлээс автомашиныг нь гардуулан өгчээ. Сонирхуулахад, МУГТ Б.Сэр-Од нь олимпын наадамд зургаан удаа дараалан оролцож байсан юм.