Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй.

Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2013 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ” хэмээлээ.

Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил зургаан метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулах юм. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрний ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.